Skip to content

Эвтаназийн талаар Библид юу гэж байдаг вэ?

Эвтаназийн талаар Библид юу гэж байдаг вэ?

Библид юу гэж байдаг вэ?

 Эвтаназийн тухай Библид тодорхой бичсэн зүйл байдаггүй. a Харин амь ба үхлийн тухай Библийн сургаалыг мэдэж авбал энэ асуудалд дүн нуруутай хандаж чадна. Хүнд үхэл учруулах гэдэг нь байж боломгүй зүйл юм. Гэхдээ үхэх хүртэлх хугацааг удаашруулахын тулд өвчтөний амь насыг зориудаар уртасгах хэрэгтэй гэсэн үг биш.

 Библид Бурхныг бидний Бүтээгч, «Амийн эх булаг» гэж тодорхойлсон байдаг (Дуулал 36:9; Үйлс 17:28). Амь гэдэг нь Бурхны нүдэнд маш их үнэ цэнтэй зүйл юм. Тиймээс бусдын амийг хөнөөх, амиа хорлох зэргийг Бурхан нүгэл гэж үздэг (Египетээс гарсан нь 20:13; 1 Ёохан 3:15). Түүнээс гадна Библид бичсэнээр бид өөрийнхөө болон бусдын амь насыг хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байх ёстой (Дэд хууль 22:8). Энэ бүгдээс үзэхэд Бурхан биднээс амийг эрхэмд үзээсэй гэж хүсдэг нь тодорхой байна.

Өвчтөн эдгэршгүй өвчтэй бол яах вэ?

 Библийнхээр бол өвчтөн удахгүй нас барах нь тодорхой байлаа ч амийг нь таслахыг зөвшөөрдөггүй. Энэ тухай Израйлын хаан Саулд тулгарсан явдлаас мэдэж болно. Саул дайнд үхлийн шарх авсан учраас зэвсэг баригчаасаа амийг нь хороож өгөхийг гуйжээ (1 Самуел 31:3, 4). Харин Саулын зэвсэг баригч тийн үйлдэхээс татгалзжээ. Гэтэл өөр нэг хүн Давид дээр ирээд өөрөө Саулын хүслийг биелүүлж, түүнийг хороосон мэтээр худлаа хэлсэн. Давид амийн талаар Бурхныхтай ижил үзэл бодолтой байсан учраас тэр хүнийг цусны буруутан гэж үзээд яллажээ (2 Самуел 1:6–16).

Амь насыг ямар ч үнээр хамаагүй уртасгах ёстой юу?

 Өвчтөн удахгүй нас барах нь тодорхой байвал үхэх хүртэлх хугацааг албаар хойшлуулахыг Библи шаарддаггүй. Харин Библид үхлийн тухай дүн нуруутай үзэл бий. Үхэл бол бидний гол дайсан бөгөөд нүглийн үр дагавар юм (Ром 5:12; 1 Коринт 15:26). Бурхан нас барагсдыг амилуулна гэж амласан учраас бид үхлийг дуртайяа хүлээх хэрэггүй ч, айх ч шаардлагагүй байдаг (Ёохан 6:39, 40). Амь насаа хүндэтгэдэг хүн хийлгэх боломжтой хамгийн сайн эмчилгээг хайдаг. Харин энэ нь нас барах нь тодорхой байвал амийг албаар уртасгах эмчилгээг сонгох шаардлагатай гэсэн үг биш юм.

Амиа хорлох нь уучилшгүй нүгэл мөн үү?

 Үгүй, Библид амиа хорлохыг уучилшгүй нүгэл гэж үздэггүй. Амиа хорлох нь ноцтой нүгэл ч гэсэн, b амиа хорлоход хүргэдэгсэтгэцийн эмгэг, гүн стресс, эсвэл бүр генийн онцлог гэх мэтийн шалтгаануудыг Бурхан бүрэн дүүрэн ойлгодог (Дуулал 103:13, 14). Бурхан зовж шаналж буй хүмүүсийг Библиэр дамжуулан тайвшруулдаг. Түүнээс гадна, Библид «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилна» гэсэн амлалт бий (Үйлс 24:15). Энэ нь амиа хорлох гэх мэтийн ноцтой алдаа гаргасан хүмүүст ч бас дахин амилах найдвар байгаа гэсэн үг.

a Эвтаназийн тухай нэг толь бичигт «Маш хүнд өвчтэй эсвэл гэмтсэн хүнийг цаашид илүү их зовоохгүйн тулд үхүүлэх» гэж тайлбарласан байдаг. «Merriam-Webster Learner’s Dictionary» Энэ нь эдгэршгүй өвчтэй хүнийг өөрийнх нь болон ар гэрийнх нь хүсэлтээр эмнэлгийн аргаар үхэх хүслийг нь гүйцэлдүүлэх гэсэн үг. Мөн эмч хүн өвчтөнийг үхүүлэх энэхүү үйлдлийг эмчийн тусламжтайгаар амиа хорлох гэж нэрлэсэн байна.

b Библид амиа хорлосон хүний тухай цөөхөн хэдэн жишээ байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Бурхны таалалд нийцдэггүй хүмүүс байжээ (2 Самуел 17:23; Хаадын дээд 16:18; Матай 27:3–5).