Бурхны Хаант төр гэж юу вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Бурхны Хаант төр бол Ехова Бурхны байгуулсан бодит засгийн газар юм. Тэнгэрээс захирах учир «Бурхны Хаант төрийг» Библид бас «тэнгэрийн хаанчлал» гэдэг (Марк 1:14, 15;Матай 4:17). Бурхны Хаант төрд хүний засгийн газруудтай адилхан юм олон бий. Гэхдээ бүх талаараа тэднээс хамаагүй давуу.
Захирагчид. Есүс Христийг Бурхан төрийн хаанаар өргөмжилж, ямар ч захирагчдад байгаагүй их эрх мэдлийг өгсөн (Матай 28:18). Есүс эрх мэдлээ урвуулан ашиглахгүй. Учир нь тэрбээр дэлхийд байхдаа итгэл хүлээсэн, өрөвч сэтгэлтэй удирдагч гэдгээ баталсан (Матай 4:23;Марк 1:40, 41;6:31–34;Лук 7:11–17). Есүс дэлхийг хамт захирах хүмүүсээ Бурхны зааврын дагуу үндэстэн бүрээс сонгосон (Илчлэлт 5:9, 10).
Захирах хугацаа. Улиран солигддог хүний засгийн газрыг бодвол Бурхны Хаант төр «хэзээ ч усташгүй» (Даниел 2:44).
Иргэд. Бурхны шаардлагыг биелүүлдэг бол аль ч газрын, ямар ч хүн Бурхны Хаант төрийн иргэн болж болно (Үйлс 10:34, 35).
Хууль. Бурхны Хаант төр хуулиараа (эсвэл тушаал) зөвхөн буруу үйл хэргийг хориглодог юм биш ээ. Иргэд нь хуулиа сахидгийнхаа ачаар өндөр ёс суртахуунтай байдаг. Жишээ нь Библид ингэж бичжээ. «“Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла”. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь “Чи хөршөө өөрийн адил хайрла” гэсэнтэй адил юм» (Матай 22:37–39). Хаант төрийн иргэд Бурхнаа болон бусдыг хайрладаг учир эрх ашгийг нь түрүүлж боддог.
Боловсрол. Бурхны Хаант төр иргэдээ өндөр ёс суртахуунтай байхыг шаардаад зогсохгүй, тэр шаардлагыг хэрхэн биелүүлэхийг зааж өгдөг (Исаиа 48:17, 18).
Зорилго. Бурхны Хаант төрийн захирагчид ард иргэдийнхээ хүч хөдөлмөрийг мөлжиж баяжихыг зорьдоггүй. Харин Бурхны хүслийг биелүүлэхийн төлөө бүхнээ зориулна. Бурхныг хайрладаг хүмүүсийг диваажин дэлхийд мөнх амьдруулна (Исаиа 35:1, 5, 6;Матай 6:10;Илчлэлт 21:1–4).