Есүс «олны төлөө золиос» болсон гэхийн учир юу вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Бурхан хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс аврах зорилгоор золиос гэдэг арга хэмжээ авчээ. Зольж авахад шаардлагатай үнэ төлөхийн тулд Есүс цусаа асгаруулсан гэж Библид байдаг (Ефес 1:7; 1 Петр 1:18, 19). Тэрбээр «амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн» билээ (Матай 20:28).
«Олны төлөө[х] золиос» яагаад хэрэгтэй болсон бэ?
Анхны хүн Адам төгс буюу нүгэлгүй хүн байсан. Тэрбээр мөнх амьдрах ирээдүйтэй байсан боловч Бурханд дуулгаваргүй болжээ (Эхлэл 3:17–19). Үүнийхээ гайгаар үр удамдаа нүглийг өвлүүлсэн (Ром 5:12). Адам өөрийгөө болон үр хүүхдээ нүгэл үхлийн боолчлолд худалдсан гэж Библид бичсэн нь ийм учиртай (Ром 7:14). Бүх хүн төгс бус учраас Адамын алдсаныг олж авч чадахааргүй байв (Дуулал 49:7, 8).
Бурхан, ямар ч найдваргүй болсон Адамын үр удмыг хараад өрөвджээ (Иохан 3:16). Гэхдээ шударга ёсны хэм хэмжээг хэзээд баримталдаг учраас нүгэлт хүн төрөлхтнийг уучлахад хүндтэй шалтгаан хэрэгтэй байв (Дуулал 89:14; Ром 3:23–26). Бурхан хүн төрөлхтнийг хайрлан хууль ёсны арга хэмжээ авч нүглийг нь уучилж, хэрэгсэхгүй болгосон (Ром 5:6–8). Золиос бол хууль ёсны арга хэмжээ юм.
Золиос ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Библид бичсэнийг үзвэл, «золиос» гэдэгт дараах гурван хүчин зүйл багтдаг:
Төлөх үнэ (Тооллого 3:46, 47).
Үүний ачаар аврагдах буюу чөлөөлөгддөг (Египетээс гарсан нь 21:30).
Төлөх ёстой үнэтэй тэнцэх хөлс. a
Есүсийн золиосонд энэ гурван хүчин зүйл багтдаг гэхийн учир юу вэ? Энэ тухай авч үзье.
Төлөх үнэ. Библид Христийн дагалдагчдыг «үнээр худалдан авсан» гэж байдаг (1 Коринт 6:20; 7:23). Есүс үнээр буюу цусаараа «бүх овог, хэл, ард түмэн болон үндэстнүүдээс хүмүүсийг ... худалдан авсан» (Илчлэлт 5:8, 9).
Чөлөөлөх. Есүсийн золиос нүглээс чөлөөлдөг (1 Коринт 1:30; Колоссай 1:14; Еврей 9:15).
Тэнцэх хөлс. Есүсийн золиос Адамын алдсан төгс амьтай тэнцдэг (1 Коринт 15:21, 22, 45, 46). Библид «ганц хүний [Адам] дуулгаваргүй байдлаас болж олон хүн нүгэлтэн болгогдсоны адил, түүнчлэн, ганц Хүний [Есүс Христ] дуулгавартай байдлаар олон хүн зөвт болгогдоно» гэж байдаг (Ром 5:19). Эндээс, нэг хүний үхэл яаж олон нүгэлтний өрийг төлөх юм бэ гэсэн асуултын хариу гарч байна. Шаардлагатай өөрчлөлт хийдэг ямар ч хүн Есүсийн золих тахилын ач тусыг хүртэнэ (1 Тимот 2:5, 6).
a «Золиос» гэж орчуулсан эх Библийн үг нь үнэ хөлс, үнэ цэн гэсэн утга илэрхийлдэг. Еврей хэлний кафар гэдэг үг «халхлах» гэсэн утгатай. Энэ нь голдуу нүглийг уучлах гэсэн утга илэрхийлдэг (Дуулал 65:3). Энэ үгтэй утга нэгтэй кофер гэдэг үг чөлөөлөх үнэ гэсэн утгатай (Египетээс гарсан нь 21:30). Грек хэлний литрон гэдэг үгийг ихэвчлэн «золиос» гэж орчуулсан байдаг бөгөөд чөлөөлөх үнэ гэсэн утгыг бас илэрхийлдэг (Матай 20:28). Грек Судрыг бичигчид, дайсны олз болсон хүн юм уу боолыг чөлөөлөхөд төлдөг үнэ гэсэн утгатай үгийг ашиглажээ.