Маркийн бичсэн сайн мэдээ 1:1–45
-
Баптисм хүртээгч Ёохан сайн мэдээ тунхаглав (1-8)
-
Есүс баптисм хүртэв (9-11)
-
Сатан Есүсийг сорив (12, 13)
-
Есүс сайн мэдээ түгээх ажлаа Галилаас эхлэв (14, 15)
-
Анхны шавь нар (16-20)
-
Чөтгөрийг хөөв (21-28)
-
Есүс Капернаумд олон хүнийг эдгээв (29-34)
-
Зэлүүд газар очиж залбирсан (35-39)
-
Уяман өвчтэй хүнийг эдгээв (40-45)
1 Бурхны Хүү Есүс Христийн тухай сайн мэдээний эхлэл.
2 Зөнч Исаиа: «(Би чиний өмнө явах элчээ илгээж байна. Тэрээр замыг чинь бэлдэнэ)*
3 “Еховагийн* замыг бэлдэгтүн! Замыг нь тэгшил” гэж хашхирах дуу цөлд гарна» хэмээн бичсэн байлаа.
4 Баптисм* хүртээгч Ёохан* цөлд* байсан бөгөөд нүглээ уучлуулъя гэвэл гэмшиж, үүнийгээ батлан баптисм хүртэхийг тунхаглаж байв.
5 Тэгэхэд Иудейн бүх нутгийн хүмүүс, Иерусалимын бүх оршин суугч түүн рүү очиж, Иордан голд баптисм хүртэж, гэм нүгэлтэйгээ хүлээн зөвшөөрчээ.
6 Ёохан тэмээний ноосон хувцас өмсөж, суран бүс бүсэлдэг, царцаа, зэрлэг зөгийн бал иддэг ажээ.
7 Тэрээр: «Надаас агуу нэгэн миний дараа ирэх бөгөөд би шаахайных нь сурыг ч тайлах хүндтэй хүн биш ээ.
8 Та нарт би усаар баптисм хүртээсэн бол тэр нэгэн Бурхны агуу хүчээр баптисм хүртээнэ» гэж тунхаглаж байв.
9 Тэр үед Есүс Галилын Назараас Ёохан руу очиж Иордан голд баптисм хүртжээ.
10 Есүс голын уснаас гармагцаа тэнгэр заагдахыг, мөн Бурхны агуу хүч өөр дээр нь тагтаа мэт бууж ирэхийг харав.
11 «Чи бол миний таалан соёрхдог, хайрт Хүү минь билээ» гэх дуу тэнгэрээс гарав.
12 Есүс тэр даруй Бурхны агуу хүчээр удирдуулан цөл рүү явлаа.
13 Тэрээр цөлд зэрлэг амьтдын дунд 40 хоносон бөгөөд Сатан түүнийг сорьжээ. Тэнгэрийн элчүүд Есүст тусалж байлаа.
14 Ёоханыг баригдсаны дараа тэрээр Бурхны тухай сайн мэдээ түгээж явсаар Галилд очоод
15 «Товлосон цаг боллоо. Бурхны Хаант төр ойрхон байна. Гэмшицгээ. Сайн мэдээнд итгэцгээ» гэж тунхаглажээ.
16 Есүс Галил нуурын эргээр явахдаа нууранд тор тавьж буй Симон болон түүний дүү Андрейг харлаа. Тэд загасчин ажээ.
17 Есүс тэдэнд «Намайг дага. Би та нарыг хүмүүсийн загасчин болгоё» гэхэд
18 тэр даруй тороо орхиод түүнийг дагав.
19 Есүс тэндээс цааш жаахан яваад завин дотроо тороо сэлбэж буй Зебедэйн хөвгүүд буюу ах дүү Яаков Ёохан хоёрыг харангуутаа
20 тэднийг дуудав. Тэд эцэг Зебедэйгээ завьтай нь, хөлсний ажилчидтай нь орхиод Есүсийг даган
21 Капернаумд очжээ.
Амралтын өдөр болмогц Есүс синагогт* очоод сургаал зааж эхлэв.
22 Хэрхэн зааж сургахыг нь хүмүүс гайхан биширч байлаа. Яагаад гэвэл Есүс хуулийн багш нар шиг бус, харин Бурхнаас эрх мэдэл авсан хүний ёсоор сургажээ.
23 Чөтгөрт эзэмдүүлсэн нэг хүн тэнд байв.
24 Өнөөх хүн: «Назарын Есүс ээ, та биднийг яах гээ вэ? Устгахаар ирээ юү? Таныг Бурхны Ариун Нэгэн гэдгийг би баттай мэднэ!» гэж хашхирлаа.
25 Тэгэхэд Есүс чөтгөрийг зэмлэж «Дуугүй бай. Түүнээс гар!» гэхэд
26 чөтгөр өнөөх эрийг татвалзуулан унагаад байдаг чадлаараа хашхирсаар гарчээ.
27 Хүмүүс бүгдээрээ ихэд гайхаж, «Юу болоод байна аа? Энэ хүн бусдаас их өөр заах юм! Чөтгөрүүдийг хөөх эрх мэдэлтэй, чөтгөрүүд ч захирагдах юм!» гэж ярилцах болжээ.
28 Удалгүй Есүсийн тухай Галил нутаг даяар ярих болов.
29 Тэд синагогоос гарч Симон Андрей хоёрын гэрт очжээ. Яаков Ёохан хоёр ч очив.
30 Есүсийг оронгуут тэд Симоны хадам ээж халуунтай хэвтэж байгааг хэлжээ.
31 Есүс очоод гараас нь барьж босгоход халуун нь буужээ. Симоны хадам ээж цай хоол хийж эхлэв.
32 Нар жаргаж орой болоход хүмүүс өвчтэй, чөтгөрт эзэмдүүлсэн бүх хүнийг Есүс рүү авчирч эхлэв.
33 Хотынхон бүгдээрээ үүдэнд нь цугласан байлаа.
34 Есүс янз бүрийн өвчтэй олон хүнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөжээ. Гэхдээ чөтгөрүүдээр үг хэлүүлэхгүй байлаа. Учир нь тэд Христ* гэдгийг нь мэдэж байжээ.
35 Есүс өглөө эрт харанхуй байхад босож гадагш гаран зэлүүд газар очоод залбирч байв.
36 Симон болон бусад шавь түүнийг газар сайгүй хайсаар
37 олж очоод «Таныг хүн болгон хайж байна» гэхэд
38 Есүс: «Бүгдээрээ өөр газар, ойролцоох хотууд руу явцгаая. Би тэнд ч бас сайн мэдээ тунхагламаар байна. Би үүний төлөө ирсэн» гэжээ.
39 Тэгээд Галил даяар явж, синагогуудад очин сайн мэдээ тунхаглаж, чөтгөрүүдийг хөөв.
40 Уяман өвчтэй* нэгэн хүн ирж Есүсийн өмнө сөхрөөд «Та хүсвэл намайг эдгээж чадна шүү дээ» гэжээ.
41 Есүс түүнийг өрөвдөн, гараа хүргэж «Хүсэж байна. Би чамайг эдгээе» гэхэд
42 өнөөх хүн дорхноо эдгэжээ.
43 Есүс түүнийг тэр даруй явуулахдаа хатуу сануулж
44 «Хэнд ч, юу ч хэлж болохгүй. Харин явж, тахилчид үзүүл. Цэвэршсэн учир Мосегийн хуульд заасан ёсоор тахил өргөөрэй. Энэ нь тахилчдад гэрчлэл болно» гэхэд
45 өнөөх хүн явж оджээ. Гэвч тэр хүн болсон явдлын талаар газар сайгүй ярьж байлаа. Тиймээс Есүс хүнд анзаарагдахгүйгээр хот руу орох аргагүй болж, хотын гадна зэлүүд газар байх болов. Гэсэн ч хүмүүс зүг бүрээс түүн рүү ирсээр байлаа.
Зүүлт
^ Хаалтад бичсэнийг Малахи 3:1-ээс иш татжээ.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Иохан гэж бас бичдэг.
^ Хүн ам цөөтэй газар
^ Иудейчүүдийн шүтлэгийн газар
^ Грек үг. «Тослогдсон нэгэн» гэсэн утгатай цол.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.