Матайн бичсэн сайн мэдээ 22:1–46
22 Есүс дахин жишээ татаж ярьжээ.
2 «Бурхны Хаант төрийг хүүгийнхээ хурим найрыг хийсэн хаантай адилтгаж болох юм.
3 Хаан боолуудаа илгээж найранд уригдсан хүмүүсийг дуудуулсан боловч тэд ирэхийг хүссэнгүй.
4 Тэгэхэд нь хаан: “«Зоог бэлэн боллоо. Бух, бордсон малаа нядалж бүх юмыг бэлдлээ. Найранд ирээрэй» хэмээн уригдсан хүмүүст хэл” гээд өөр боолуудаа илгээв.
5 Гэвч уригдсан хүмүүс огт тоосонгүй. Нэг нь талбай руугаа, нөгөө нь худалдаа хийхээр явжээ.
6 Бусад нь боолуудыг барьж аваад харгис ширүүн харьцаж, алжээ.
7 Хаан хилэгнэн уурлаж цэргүүдээ явуулан тэр алуурчдыг хөнөөж хотыг нь шатаажээ.
8 Тэгээд боолууддаа “Найр эхлэхэд бэлэн байна. Гэвч уригдсан хүмүүс зохисгүй байжээ.
9 Тиймээс хотоос гадагш гардаг замаар явж таарсан хүн болгоныг найранд урь” гэж хэлжээ.
10 Боолууд замд тааралдсан сайн муу хүмүүсийг бүгдийг нь цуглуулав. Хуримын танхим зоог барьж буй хүмүүсээр дүүрчээ.
11 Хаан зочдыг харахаар ирээд хуримд тохирохгүй хувцастай нэгэн хүнийг анзаарч
12 “Анд минь чи ийм хувцастай хэр нь яаж энд орж ирэв?” гэхэд өнөөх хүн дуугарсангүй.
13 Тэгэхэд хаан зарц нартаа “Энэ хүний гар хөлийг хүлээд гадаа харанхуйд гаргаж хая. Тэнд тэр уйлж, шүдээ хавирна” гэжээ.
14 Уригдсан нь олон боловч сонгогдсон нь цөөхөн юм» хэмээв.
15 Тэгээд фарисайчууд явж Есүсийг үгээр нь ороон барьж авахаар хуйвалдан
16 шавь нараа Херодын талынхантай явуулжээ. Тэд: «Багш аа, та бол үнэнч, Бурхан юу хүсдэгийг үнэн зөв заадаг билээ. Мөн хэнийг ч ялгаварладаггүй учраас хүний сэтгэлд тааруулахыг чухалчилдаггүйг тань бид мэднэ.
17 Тэгэхээр та юу гэж боддогоо бидэнд хэлээч. Цезарьт* татвар төлөх нь зөв үү?» гэж асуув.
18 Харин Есүс тэдний хорон санааг мэдээд «Хоёр нүүртэй хүмүүс ээ, та нар юунд намайг сорино вэ?
19 Татварт өгдөг зоосыг надад үзүүл дээ» гэхэд нь тэд түүнд нэг денар* өгчээ.
20 Есүс: «Энд хэний дүрс, нэр байна вэ?» гэж асуухад
21 «Цезарийнх» гэжээ. Тэгэхэд нь «Тэгвэл Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» хэмээв.
22 Үүнийг сонсоод тэд мэл гайхаж, Есүсийг орхин явжээ.
23 Үхсэн хүн амилахгүй гэж ярьдаг садукайчууд тэр өдөр ирээд ингэж асуужээ.
24 «Багш аа, “Хэрэв хүн үр удмаа үлдээлгүй үхвэл дүү* нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж Мосе хэлсэн.
25 Манай энд ах дүү долоо байсан юм. Ууган нь гэрлэж үр удмаа үлдээлгүй үхэхэд дүү нь бэргэнтэйгээ гэрлэсэн.
26 Хоёр дахь, гурав дахь гээд долуулаа энэ эмэгтэйтэй гэрлэсэн ч үр удмаа үлдээлгүй үхсэн.
27 Эцэст нь эмэгтэй ч үхсэн.
28 Тэгвэл үхсэн хүн амилахад тэр эмэгтэй өнөөх долоогийн хэнийх нь эхнэр болох вэ? Бүгдээрээ л түүнтэй гэрлэсэн шүү дээ» гэлээ.
29 Хариуд нь Есүс: «Та нар Судрыг ч, Бурхны хүчийг ч мэдэхгүй учраас төөрөлдөж байна.
30 Яагаад гэвэл үхсэн хүн амилах цагт хүмүүс гэрлэхгүй, тэнгэрийн элчүүд шиг болно.
31 Үхсэн хүн амилах тухайд Бурхан та нарт юу гэж хэлснийг уншаагүй юм уу?
32 Бурхан: “Би бол Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан” гэж хэлсэн. Тэр бол үхсэн хүний биш, амьд хүний Бурхан» гэж хэлэв.
33 Есүс юуг, яаж заасныг сонсоод олон түмэн гайхан бишрэв.
34 Есүс садукайчуудыг хэлэх үггүй болгосныг дуулаад фарисайчууд олуулаа иржээ.
35 Хууль сайн мэддэг нэг фарисай Есүсийг сорин
36 «Багш аа, Хуулийн хамгийн чухал тушаал нь аль вэ?» гэхэд
37 Есүс: «“Бүхий л зүрх, бүхий л амь амьдрал*, бүхий л оюун ухаанаараа Ехова* Бурхнаа хайрла”.
38 Энэ бол эхний бөгөөд хамгийн чухал тушаал юм.
39 Хоёр дахь нь “Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг* хайрла” гэсэн тушаал юм.
40 Хууль бүхлээрээ, бас зөнчдийн үг энэ хоёр тушаалд тулгуурладаг» гэлээ.
41 Фарисайчуудыг тэнд байхад Есүс тэднээс
42 «Та нар Христийн тухай юу гэж боддог вэ? Тэр хэний хүү вэ?» гэж асуухад «Давидын хүү» гэж хариулав.
43 Тэгэхэд нь Есүс: «Тэгвэл Давид Бурхнаар удирдуулан хэлэхдээ Христийг яагаад Эзэн гэсэн юм бэ?
44 Давид: “Ехова* миний Эзэнд «Чиний дайснуудыг хөл доор чинь оруултал баруун талд минь суу» хэмээсэн” гэж хэлсэн шүү дээ.
45 Давид Христийг Эзэн гэсэн юм бол Христ яаж хүү нь байх билээ?» гэж асуув.
46 Тэгэхэд нь хэн ч түүнд хариу хэлж чадсангүй. Тэр өдрөөс хойш нэг ч хүн дахин юм асууж зүрхэлсэнгүй.
Зүүлт
^ Эсвэл «Ромын эзэн хаанд»
^ 1 денар нь 1 өдрийн ажлын хөлс
^ Үхсэн нэгэн нь ах нь уу, дүү нь үү гэдгийг Библид тодорхой бичээгүй.
^ Грекээр «психе». Үгийн тайлбараас «Амь»-ийг үзнэ үү.
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.
^ Үгч. «хөршөө»
^ Үгийн тайлбарыг үзнэ үү.