Ромчуудад бичсэн захидал 13:1–14
13 Дээд эрх мэдлүүдэд хүн бүр захирагд. Учир нь Бурхан зөвшөөрсөн тул эрх мэдэл байдаг бөгөөд бүгдээрээ хэмжээ хязгаартай.
2 Тиймээс эрх мэдлийг эсэргүүцдэг хүн Бурхны тогтоосныг эсэргүүцэж байгаа хэрэг. Үүнийг эсэргүүцдэг хүн буруутгагдана.
3 Эрх мэдэлтнүүд сайныг хийдэг хүнд бус, мууг хийдэг хүнд айдас төрүүлдэг. Эрх мэдэлтнүүдээс айхгүй байя гэвэл сайныг хийж бай. Тэгвэл тэд таныг магтана.
4 Учир нь эрх мэдэлтнүүд бол таны сайн сайхны төлөөх Бурхны үйлчлэгч юм. Харин та муу юм хийдэг бол айх хэрэгтэй. Эрх мэдэлтнүүд илд дэмий зүүдэггүй. Тэд бол муу юм хийдэг хүнийг шийтгэдэг Бурхны үйлчлэгч.
5 Тэгэхээр, зөвхөн шийтгүүлэхгүйн тулд бус, мөн хүн чанарынхаа улмаас эрх мэдэлд захирагдах шаардлагатай.
6 Тийм ч учраас та нар татвар төлдөг. Тэд олон түмэнд үйлчилдэг Бурхны үйлчлэгч юм.
7 Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авдагт нь татвараа, хураамж авдагт нь хураамжаа төл. Эмээх ёстой хүнээс эмээ. Хүндлэх ёстой хүнийг хүндэл.
8 Нэг нэгнээ хайрлах гэдэг өрнөөс өөр ямар ч өргүй бай. Учир нь бусдыг хайрладаг хүн хууль сахисан хэрэг.
9 Яагаад гэвэл хуульд байдаг «Бүү завхайр, хүн бүү ал, бүү хулгайл, бүү шуна» гэсэн тушаал болон бусад бүх тушаал «Өөрийгөө хайрладаг шигээ бусдыг хайрла» гэсэн тушаалд багтдаг юм.
10 Хайрладаг хүн бусдад муу юм хийдэггүй. Тэгэхээр хайрладаг бол хууль сахиж байгаа хэрэг.
11 Захисныг минь биелүүлээрэй. Учир нь та нар ямар цаг үед амьдарч байгаагаа мэднэ шүү дээ. Одоо бол та нарын сэрэх цаг. Христийн дагалдагч болсон тэр үеийг бодвол аврагдах цаг бүр ойртсон.
12 Шөнө өнгөрч, өдөр болох гэж байна. Тиймээс харанхуйн үйл хэргийг орхиж, гэрлийн зэвсгийг агсацгаая.
13 Эмх замбараагүй найрлан цэнгэдэг, архидан согтуурдаг, эрээ цээргүй хэрэг* хийдэг, хэрэлдэж маргалддаг, хардаж сэрддэг хүмүүстэй адилгүй байж, өдрийн цагаар явж байгаа юм шиг биеэ зөв авч явцгаая.
14 Эзэн Есүс Христийг өмсье. Махан биеийнхээ хүслийг хангах гэж урьдаас бүү төлөвлө.
Зүүлт
^ Грекээр «аселгеяа». Үгийн тайлбарыг үзнэ үү.