БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ
Библи үндэслэлтэй, тодорхой хариулт өгсөнд сэтгэл минь хөдөлсөн
ТӨРСӨН ОН: 1948
УЛС: УНГАР
ӨМНӨ НЬ: АМЬДРАЛЫН ЧУХАЛ АСУУЛТУУДЫН ХАРИУГ МЭДЭХИЙГ ИХ ХҮСДЭГ БАЙСАН
ӨМНӨХ АМЬДРАЛ:
Би Унгарын 1 000 гаруй жилийн баялаг түүхтэй Сейкешфехервар хотод төрсөн. Харамсалтай нь энэ хот дэлхийн хоёрдугаар дайнд нэрвэгдэж асар ихээр сүйдсэн. Тэрхүү нүд халтирам дүр төрх одоо ч миний ой тойноос гардаггүй юм.
Би бүр жаахан байхаасаа л өвөө эмээгийнхээ гар дээр өссөн. Тэднийгээ, ялангуяа Элизабет эмээгээ их санадаг. Эмээгийнхээ ачаар би багаасаа л Бурханд бат итгэдэг болсон. Эмээ маань орой болгон Эзний залбирлыг хэлдэг байв. Би бүр 3 настайгаасаа эмээгийнхээ хэлсэн залбирлыг дагаж хэлдэг байлаа. Гэхдээ бараг 30 хүрч байж л тэрхүү залбирлын утгыг ойлгодог болсон доо.
Аав ээж хоёр маань мөнгө цуглуулж өөрийн гэсэн гэр оронтой болохын тулд өдөр шөнөгүй ажилладаг байсан болохоор өвөө эмээ маань намайг асардаг байсан хэрэг. Харин бид сар бүрийн хоёр дахь хагас сайнд халуун ам бүлээрээ цуглаж хамтдаа хоол иддэг байв. Хамтдаа байх тэр цаг мөч надад үнэхээр сайхан дурсамж үлдээсэн.
1958 онд эцэг эхийн маань мөрөөдөл биелж, байшин худалдаж аваад бид гурав хамт амьдрах болов. Аав ээжтэйгээ хамт байх болсондоо би хөл газар хүрэхгүй баярласан! Гэтэл 6-хан сарын дараа аав маань гэнэт хорт хавдраар нас барж, баяр хөөртэй өдрүүд маань дуусгавар болов.
Энэ явдал надад маш хүнд цохилт болсон. Тэгээд «Бурхан, аавыг минь авраад өгөөч гэж би танаас гуйсан шүү дээ. Аав маань надад үнэхээр хэрэгтэй. Та яагаад залбирлыг минь сонссонгүй вэ?» гэж залбирснаа санаж байна. Би аавынхаа хаана байгааг мэдэхийг маш их хүссэн. «Тэнгэр лүү явсан юм болов уу? Эсвэл үүрд алга болсон юм болов уу?» гэсэн бодол толгойноос минь салахгүй байв. Би аавтай хүүхдүүдэд атаархдаг болсон.
Олон жилийн турш би бараг өдөр бүр оршуулгын газар очоод, аавынхаа булшны өмнө өвдөг сөгдөн суугаад «Бурхан, би танаас гуйя, аав маань хаана байгааг хэлж өгөөч» гэж залбирдаг байсан. Бас амьдралын утга учир юу болохыг ойлгоход туслаач гэж залбирдаг байв.
Би 13 настайдаа герман хэл сурахаар шийдсэн. Учир нь Германы арвин баялаг уран зохиолын сангаас өөрийнхөө хайж явдаг асуултуудынхаа хариуг олж чадна гэж бодсон юм. 1967 онд тухайн үеийн Зүүн Германы Иена хотод сурч эхэлсэн. Би Германы гүн ухаантнуудын зохиол бүтээлүүд, тэр дундаа амьдралын утга учрыг тайлбарладаг олон номыг шимтэн уншлаа. Тэндээс зарим нэг сонирхолтой санааг олсон хэдий ч тэд бүгд надад бүрэн дүүрэн хариулт өгч чадаагүй. Асуултынхаа хариултыг олоход туслаач гэж би залбирсаар байлаа.
БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН:
Би 1970 онд Унгар луу буцав. Тэнд ирээдүйн эхнэр Розатайгаа танилцсан. Тухайн үед Унгар социалист орон байсан учраас бид хоёр гэрлэснийхээ дараа удалгүй Австри луу дүрвэсэн. Бидний зорилго Австралийн Сидней хот руу цагаачлах байлаа. Тэнд нагац ах маань амьдардаг байсан юм.
Би Австрид очоод нэг их удалгүй ажилд орсон. Нэгэн өдөр ажлын маань найз надад хайж явдаг бүх асуултын чинь хариу Библид байгаа гэж хэлэв. Тэгээд Библид үндэслэсэн хоёр ном өглөө. Би тэр хоёр номыг нь гялс уншиж дуусгаад илүү ихийг мэдэхийг хүссэн. Тэгээд уг номуудыг хэвлэн гаргасан Еховагийн Гэрчүүдэд өөр ном явуулахыг хүсэж захиа бичсэн.
Бидний хуримын нэг жилийн ойн өдөр австри Гэрч залуу манайд ирээд миний хүсэлтийн дагуу хэдэн ном авчирч өгөнгөө хамт Библи судлахыг санал болгосон. Би ч зөвшөөрлөө. Библи судлахыг маш их хүсэж байсан учраас долоо хоногт хоёр удаа, бараг 4 цагаар хичээллэдэг байв!
Библиэс олон зүйлийг сурч мэдээд би бөөн баяр болов. Гэрчүүд надад унгар хэл дээрх миний Библиэс Бурхны Ехова гэдэг нэрийг үзүүлэхэд би нүдэндээ ч итгээгүй. 27 жилийн турш сүмд явахдаа нэг ч удаа сонсож байгаагүй нэр байсан болохоор тэр. Мэдэхийг хүссэн асуултад маань Библи үндэслэлтэй, тодорхой хариулт өгсөнд сэтгэл минь хөдөлсөн. Жишээлбэл, нас барагсад гүн нойрсож байгаа хүнтэй адил юу ч мэддэггүй гэдгийг Библиэс мэдэж авсан (Номлогчийн үгс 9:5, 10; Ёохан 11:11–15). Бас шинэ ертөнцөд «үхэл байхгүй болно» гэсэн амлалт Библид байдаг юм билээ (Илчлэл 21:3, 4). Тэр үед би төрсөн аавтайгаа эргэн уулзана. Яагаад гэвэл аав маань амилна (Үйлс 24:15).
Эхнэр маань бас надтай хамт Библи заалгахыг хүссэн юм. Бид хоёр маш хурдан ахиц дэвшил гаргаж, номоо хоёрхон сарын дотор судалж дуусгасан! Бас Еховагийн Гэрчүүдийн цуглаан болгонд очдог болсон. Гэрчүүдийн хайрыг мэдэрч, тусч, нэгдмэл байдлыг нь хараад үнэхээр их сэтгэл хөдөлсөн (Ёохан 13:34, 35).
1976 онд Роза бид хоёр Австрали руу орох эрхтэй боллоо. Очоод шууд л Еховагийн Гэрчүүдтэй холбоо барьсан. Тэндхийн Гэрчүүд эхнэр бид хоёрыг төрсөн ах дүү шигээ халуун дотноор хүлээж авсан. Ингээд 1978 онд бид өөрсдөө Гэрч болцгоосон доо.
ОДОО:
Ингэж нэг би удаан хугацаанд амар заяа үзүүлэхгүй байсан асуултуудынхаа хариуг олж билээ. Ехова Бурхантай дотноссоноор хүний төсөөлж болох хамгийн сайн Аавыг олсон юм (Яаков 4:8). Бас удахгүй болох шинэ ертөнцөд төрсөн эцэгтэйгээ уулзана гэж найддаг (Ёохан 5:28, 29).
1989 онд Роза бид хоёр Унгар луугаа буцахаар шийдсэн. Найз нөхөд, хамаатан садан гээд уулзсан бүх хүнтэйгээ итгэл үнэмшлээ хуваалцах гэж тэр л дээ. Бид хоёр хэдэн зуун хүнд Библийн хичээл заах завшаан эдэлсэн. Тэднээс 70 гаруй нь, тэр дундаа хайртай ээж минь Еховаг шүтдэг болсон.
Би асуултуудынхаа хариуг олох гэж 17 жилийн турш залбирсан. Тэрнээс хойш 39 жил өнгөрчээ. Одоо ч залбирсаар байгаа. Гэхдээ одоо би: «Хүүхэд насны минь залбиралд хариулж өгсөн тэнгэрийн Эцэгтээ баярлалаа» гэж залбирдаг.