Skip to content

Гарчиг руу орох

БҮЛЭГ 8

«Бурхны Хаант төр» гэж юу вэ?

«Бурхны Хаант төр» гэж юу вэ?
  • Бурхны Хаант төрийн тухай Библид юу гэж байдаг вэ?

  • Бурхны Хаант төр юу хийх вэ?

  • Бурхны хүсэл таалал дэлхий дээр хэзээ биелэх вэ?

1. Ямар залбирлын тухай ярилцах вэ?

ЕСҮС ХРИСТ шавь нартаа Бурханд яаж залбирахыг зааж, нэг залбирлыг жишээ болгон хэлсэн байдаг. Матай 6:9–13-т бичсэн тэрхүү залбирал гүн утгатай бөгөөд их ач холбогдолтой тул агуулгыг нь анхааралтай авч үзвэл Библийн сургаалыг зөв ойлгоход тус болно.

2. Есүс ямар гурван зүйлийн төлөө залбирахыг шавь нартаа заасан бэ?

2 Есүсийн жишээ болгон хэлсэн залбирал «Тэнгэрийн Эцэг минь, таны нэр ариусаасай. Таны Хаант төр захираасай. Таны хүсэл таалал тэнгэрт биелж байгаа шигээ дэлхий дээр биелээсэй» гэж эхэлдэг (Матай 6: 9, 10). Энэ юу гэсэн үг вэ?

3. «Бурхны Хаант төрийн» талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

3 Бид Ехова Бурхны нэрийн тухай ихийг мэддэг болсон. Түүнчлэн, хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго буюу хүмүүсийн төлөө юу хийсэн, ирээдүйд юу хийхийг нь тодорхой хэмжээгээр ойлгодог болсон. Гэхдээ Бурхны Хаант төр ирэх болтугай гэж залбирч байхыг Есүс заасан нь ямар утгатай вэ? «Бурхны хаант төр» гэж юу вэ? Бурхны нэр хэрхэн ариусах вэ? Бурхны хүсэл таалал биелэхэд Хаант төр ямар үүрэгтэй вэ? Эдгээр асуултыг авч үзье.

«БУРХНЫ ХААНТ ТӨР» ГЭЖ ЮУ ВЭ?

4. «Бурхны Хаант төр» гэж юу вэ? Тэргүүн нь хэн бэ?

4 Есүсийн хэлсэн «Хаант төр» гэдэг нь өвөрмөц ойлголт бөгөөд энэ бол Ехова Бурхны байгуулсан тусгай засгийн газар юм. Ехова Есүс Христийг засгийн газрынхаа тэргүүн буюу Хаанаар томилжээ. Хаан Есүс захирах эрх мэдэлтэй бүх хүнээс агуу бөгөөд түүнийг «хаадын Хаан, эздийн Эзэн» гэдэг (1 Тимот 6:15). Тэрээр захирах эрх мэдэлтэй ямар ч сайн хүний хийж чадаагүй сайн үйлсийг хүн төрөлхтний тусын тулд хийнэ.

5. Бурхны засгийн газар хаана байдаг вэ? Юуг захирах вэ?

5 Бурхны Хаант төр хаана байдаг вэ? Энэ асуултад хариулахын тулд Есүсийн одоо хаана байгааг саная. Есүсийг шонд хадуулж үхээд, дараа нь амилж, удалгүй тэнгэр лүү буцсаныг та сайн санаж байгаа байх (Үйлс 2:33). Тэгэхлээр, Бурхны Хаант төр тэнгэрт байдаг нь тодорхой байна. Тийм ч учраас, энэ засгийн газрыг «тэнгэрийн Хаант төр» гэдэг (Матай 16:19). Уг засгийн газар хэдийгээр тэнгэрт байдаг боловч дэлхийг захирна (Илчлэл 11:15-ыг уншина).

6, 7. Хаан Есүс эрх мэдэлтэй хүмүүсээс ямар ялгаатай вэ?

6 Хаан Есүс захирах эрх мэдэлтэй хүмүүсээс ямар ялгаатай вэ? Тэрээр хэзээ ч үхэхгүй. Энэ бол нэг ялгаа нь юм. Тийм ч учраас, Есүс «үхэшгүй мөнхийг ганцаараа эзэмшдэг, хүршгүй гэрлийн дотор оршдог» гэж Библид байдаг (1 Тимот 6:16). Энэ нь, хүн төрөлхтний сайн сайхны төлөө Есүсийн хийсэн бөгөөд хийж байгаа бүхэн үүрдийн ач тустай гэсэн үг. Түүнээс гадна, ирээдүйд олон сайхан, агуу үйл хийнэ.

7 Библийн нэгэн зөгнөлд Есүсийн тухай «ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино. Түүний таалал нь ЭЗЭНээс эмээхүйд оршдог. Тэр Өөрийн нүдэнд үзэгдсэнээр шүүхгүй, чихэндээ сонсогдсоноор шийдвэр гаргахгүй. Гагцхүү үнэн зөвөөр ядуусыг шүүж, газрын зовогсдод зориулан шударга шийдвэр гаргана» гэж бичсэн нь бас нэг ялгааг нь харуулдаг (Исаиа 11:2–4). Тийм ээ, Есүс хүн төрөлхтнийг шударга захирах өрөвч сэтгэлтэй Хаан байх юм. Та тийм хаантай байхыг хүсэхгүй гэж үү?

8. Бурхны засгийн газрын бүрэлдэхүүнд өөр ямар хүмүүс ордог вэ?

8 Бурхны Хаант төрийн талаар өөр юу хэлж болох вэ? Тэр засгийн газрын бүрэлдэхүүнд Есүсээс гадна өөр хүмүүс бас ордог. Жишээ нь, элч Паул Тимотод «Хэрэв бид тэвчдэг бол, түүнтэй хамт төр барина» гэж хэлсэн нь дээрхийг баталдаг (2 Тимот 2:12). Бурхны сонгосон Паул Тимот нарын үнэнч үйлчлэгчид Есүс тэргүүтэй засгийн газрын бүрэлдэхүүнд орох бөгөөд тэд дэлхийг тэнгэрээс захирна. Тэгвэл Бурхан хэдэн хүнд тийм завшаан олгох бэ?

9. Есүстэй хамт хэдэн захирагч байх вэ? Бурхан тэднийг хэзээнээс сонгож эхэлсэн бэ?

9 «Илчлэл» номонд бичсэнээр, элч Ёохан «Хурга» буюу Есүс Христтэй хамт «[Есүсийн тэнгэр дэх хааны байр суурийг бэлгэддэг] Сион уулан дээр 144 000 хүн зогсож байгааг» харжээ. «Тэр хүмүүсийн духан дээр Хурга болон Эцгийн нэр бичээстэй байв». 144 000 хүн гэдэг нь ямар хүмүүс вэ? Ёохан: «Тэд Хургыг хаашаа ч явсан дагадаг. Тэднийг хүн төрөлхтний дундаас Бурхан болон Хурганы төлөө анхны үр жимс болгон худалдаж авсан билээ» гэж тайлбарлажээ (Илчлэл 14:1, 4). Тийм ээ, тэд бол Есүстэй хамт тэнгэрээс захирахаар сонгогдсон үнэнч дагалдагчид нь юм. Тэд тэнгэрт амилсныхаа дараа «дэлхийг захирна» (Илчлэл 5:10). 144 000-ын бүрэлдэхүүнд орох хүмүүсийг Бурхан МЭ 33 оноос сонгож эхэлжээ.

10. Бурхан хүн төрөлхтнийг захируулахаар Есүс болон 144 000 хүнийг сонгосон нь хайрын илрэл гэж хэлж болохын учир юу вэ?

10 Бурхан хүн төрөлхтнийг захируулахаар Есүс болон 144 000 хүнийг сонгосон нь хайрынх нь илрэл юм. Есүс өөрөө хүн байж үзсэн учраас хүний зовлонг сайн мэднэ. Паулын хэлснээр, Есүс бол «мөхөс байдлыг маань ойлгож өрөвдөх чадалгүй тэргүүн тахилч биш, харин юм юмаар бидэнтэй адил соригдсон ч нүгэл үйлдээгүй нэгэн билээ» (Еврей 4:15; 5:8). Есүсийн хамтран захирагчид ч бас зовлон үзэж, хүнд сорилтыг тэвчин, дутагдалтайгаа тэмцэж, өвдөж шаналж явсан жирийн л хүмүүс байсан. Тиймээс, тэд бидний зовлонг сайн ойлгоно.

БУРХНЫ ХААНТ ТӨР ЮУ ХИЙХ ВЭ?

11. Бурхны хүсэл таалал тэнгэрт биелээсэй гэж залбирч байхыг Есүс шавь нартаа заасан нь ямар учиртай вэ?

11 Есүсийн зааснаар, шавь нар нь «Хаант төр захираасай» гэж залбирахын зэрэгцээ Бурхны хүсэл таалал тэнгэрт ч, дэлхий дээр ч биелээсэй гэж залбирах ёстой байв. Үнэнч тэнгэрийн элчүүд тэнгэрт Бурхны хүсэл тааллыг биелүүлсээр ирсэн боловч нэгэн тэнгэрийн элч Бурхны эсрэг босож, Адам Ева хоёроор нүгэл үйлдүүлснийг бид 3-р бүлгээс үзсэн. Энэ дуулгаваргүй тэнгэрийн элч буюу Сатан Диаволын тухай Библид юу гэж бичсэн байдгийг 10-р бүлгээс дэлгэрэнгүй үзнэ. Сатан болон түүний талд орсон тэнгэрийн элчүүд буюу «чөтгөрүүдийг» тэнгэрт түр байхыг Ехова зөвшөөрчээ (Матай 9:34). Тэгэхлээр, Есүсийг дэлхийд байх үед Бурхны хүсэл тааллыг биелүүлдэггүй тэнгэрийн элчүүд тэнгэрт байсан хэрэг. Гэхдээ Бурхны Хаант төр захирч эхлэхэд байдал өөрчлөгдөх байв. Есүс Христ хаан ширээнд залармагцаа Сатантай дайтах учиртай байлаа (Илчлэл 12:7–9-ийг уншина).

12. Илчлэл 12:10-т ямар хоёр чухал үйл явдал болохыг бичсэн бэ?

12 Юу болох ёстойг дараах зөгнөлд бичжээ. Ёохан: «Тэнгэрт чанга дуу гарч ийн хэлэхийг би сонслоо. “Эдүгээ Бурхан маань хүмүүсийг аварч, хүч чадлаа үзүүлж, Хаант төрөө байгуулсан бөгөөд түүний Христ эрх мэдлийнхээ дагуу ажиллаж эхэллээ. Учир нь ах дүүг маань Бурхны өмнө өдөр шөнөгүй буруутгадаг тэр буруутгагч [Сатан] доош хаягдсан”» хэмээжээ (Илчлэл 12:10). Энд, хоёр чухал үйл явдал болохыг бичсэн байгааг анзаарав уу? Нэгдүгээрт, Бурхны «Хаант төр» буюу Есүс Христ тэргүүтэй засгийн газар захирч эхэлнэ. Хоёрдугаарт, Сатан тэнгэрээс дэлхий рүү хаягдах ажээ.

13. Сатаныг тэнгэрээс доош хаясны үр дүн юу байсан бэ?

13 Энэ хоёр үйл явдлын үр дүн юу байсан бэ? Библид «Тэнгэр ээ, тэнд нутаглагсад аа, баярлагтун!» гэж бичжээ (Илчлэл 12:12). Тийм ээ, Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөгдөн, доош хаягдсанд үнэнч тэнгэрийн элчүүд баярлан хөөрчээ. Учир нь Ехова Бурханд үйлчилдэг, үнэнч тэнгэрийн элчүүд л тэнгэрт үлдэж, жинхэнэ энх тайван, эв нэгдэл тогтжээ. Ийнхүү Бурхны хүсэл таалал тэнгэрт биелэх болсон.

Тэнгэрээс хаягдсан Сатан болон чөтгөрүүд хүмүүст зовлон учруулдаг. Гэхдээ зовлон удахгүй дуусна

14. Сатаныг дэлхий рүү хаясны улмаас юу болсон бэ?

14 Тэгвэл дэлхий дээр юу болсон бэ? «Дэлхий болон тэнгис харамсалтай яа! Яагаад гэвэл Диавол та нар луу бууж очсон. Өөрт нь богинохон хугацаа үлдсэнийг мэдэж байгаа тул тэрээр үлэмж их уур хилэнтэй байгаа» гэж Библид бичжээ (Илчлэл 12:12). Сатан дэлхий рүү хаягдсандаа, мөн өөрт нь цаг бага үлдсэнд асар их ууртай байгаа ажээ. Уурлаж хорссондоо хүмүүст зовлон гамшиг учруулдаг. Энэ тухай бид дараагийн бүлгээс дэлгэрэнгүй үзнэ. Харин одоо, «Хаант төр Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр хэрхэн биелүүлэх вэ?» гэсэн асуултыг ярилцъя.

15. Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготой вэ?

15 Дэлхийн талаар Бурхан ямар санаа зорилготойг бид 3-р бүлгээс үзсэн. Бурхан дэлхийг диваажин болгож, тэнд шударга зөв хүмүүсийг мөнх амьдруулах хүсэлтэйгээ хүн төрөлхтний түүхийн эхэнд мэдэгджээ. Сатан, Адам Ева хоёроор нүгэл үйлдүүлэн, дэлхийн талаарх Бурхны санаа зорилгод саад болохыг оролдсон хэдий ч Ехова санаа зорилгоо өөрчлөөгүй. Ехова одоо ч, «зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суугаасай» гэж хүсдэг (Дуулал 37:29). Энэ хүсэл тааллыг нь Есүс тэргүүтэй засгийн газар биелүүлнэ. Чухам яаж биелүүлэх вэ?

16, 17. Даниел 2:44-өөс Есүс тэргүүтэй засгийн газрын тухай юу мэдэж болох вэ?

16 Даниел 2:44-т бичсэн зөгнөлийг авч үзье. Тэнд «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг [«Хаант төрийг», ШЕ] тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын [«Хаант төрийн», ШЕ] эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» гэж бичжээ. Энэ зөгнөлөөс «Хаант төр» буюу Есүс тэргүүтэй засгийн газрын тухай юу мэдэж болох вэ?

17 Нэгдүгээрт, Есүс тэргүүтэй засгийн газар «тэдгээр хаадын үед» буюу одоогийн улс орнуудын төр засгийн үед байгуулагдах ёстой байжээ. Хоёрдугаарт, Бурхны Хаант төр мөнхөд оршино. Энэ Хаант төрийг хэн ч устгахгүй бөгөөд өөр ямар ч засгийн газраар халагдаж солигдохгүй. Гуравдугаарт, Бурхны Хаант төр болон улс орнуудын төр засгийн хооронд дайн болох ажээ. Энэ дайнд Бурхан ялна. Эцэст нь, хүн төрөлхтнийг ганцхан засгийн газар захирна. Тэр цагт хүмүүс түүхэнд байгаагүй хамгийн сайн засгийн газраар удирдуулж жаргалтай амьдарна.

18. Бурхны Хаант төр болон улс орнуудын төр засгийн хооронд болох дайныг юу гэж нэрлэдэг вэ?

18 Бурхны Хаант төр болон улс орнуудын төр засгийн хооронд болох дайны талаар Библид дэлгэрэнгүй бичжээ. Жишээ нь, энэ ертөнцийн төгсгөл ойртохын хэрээр чөтгөрүүд худал хуурмагийг тарааж, «дэлхий даяар ... хаадыг» төөрөлдүүлнэ. Ямар зорилгоор тэр вэ? «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайнд хаадыг цуглуулах зорилго[той]». Хаад «еврейгээр Хармагедон гэдэг газар» цуглах ажээ (Илчлэл 16:14, 16). Бурхны Хаант төр болон улс орнуудын төр засгийн хооронд болох дайныг «Хармагедон» гэж нэрлэдгийг эндээс мэдэж болно.

19, 20. Ямар ямар шалтгааны улмаас өнөөдөр дэлхий дээр Бурхны хүсэл таалал биелэхгүй байна вэ?

19 Бурхны Хаант төр Хармагедоноор ямар зорилгод хүрэх вэ? Дэлхийн талаарх Еховагийн санаа зорилгыг эргэн санацгаая. Ехова Бурхан өөрт нь үйлчилдэг шударга сайн, төгс хүмүүсийг диваажин дэлхийд амьдруулах санаа зорилготой билээ. Тэгвэл одоо дэлхий тийм биш байгаагийн учир юу вэ? Нэгдүгээрт, бид бүгдээрээ нүгэлтэй бөгөөд өвдөж, үхдэг. Гэхдээ хүмүүсийг мөнх амьтай болгохын тулд Есүс амиа золиосолсон тухай бид 5-р бүлгээс үзсэн. Ёохан 3:16-д «Бурхан хүн төрөлхтнийг үнэхээр их хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн. Энэ нь Хүүд итгэдэг хүн бүрийг бүү мөхөөсэй, харин мөнх амьдраасай гэснийх юм» гэж бичсэнийг та санаж байгаа биз ээ.

20 Хоёрдугаарт, худал ярих, хуурч мэхлэх, садар самуун үйлдэх гэх мэтийн муу юм хийдэг хүн олон байна. Тэд Бурхны таалалд нийцүүлэхийг хүсдэггүй. Тийм юм хийдэг хүмүүс Хармагедоноор устгагдана (Дуулал 37:10-ыг уншина). Гуравдугаарт, улс орнуудын төр засаг Бурхны хүсэл таалалд нийцүүлэхийг ард иргэддээ уриалдаггүй. Хүчин мөхөс, харгис хэрцгий, завхран гажуудсан төр засагтай улс орон олон байна. Хүн «бусдыг хорлох замаар эрх мэдлээ хэрэгжүүлдэг» гэж Библид илэн далангүй бичжээ (Номлогчийн үгс 8:9).

21. Есүс тэргүүтэй засгийн газар Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр хэрхэн биелүүлэх вэ?

21 Хармагедоны дараа дэлхийг ганцхан засгийн газар буюу Бурхны Хаант төр захирна. Энэ засгийн газар Еховагийн хүсэл тааллыг биелүүлж, хүн төрөлхтнийг арвин ихээр ивээнэ. Жишээ нь, хүмүүсийг Сатан болон чөтгөрүүдийн нөлөөнөөс ангид амьдруулна (Илчлэл 20:1–3). Үнэнч хүмүүс Есүсийн золиосны ач тусыг хүртэн, өвддөггүй, үхдэггүй болж, мөнх амьдрах боломжтой болно (Илчлэл 22:1–3-ыг уншина). Дэлхий диваажин болно. Ийнхүү Есүс тэргүүтэй засгийн газар Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлж, нэрийг нь ариусгана. Энэ нь, эцэстээ, бүх хүн Еховагийн нэрийг алдаршуулдаг болно гэсэн үг юм.

БУРХНЫ ХҮСЭЛ ТААЛАЛ ДЭЛХИЙ ДЭЭР ХЭЗЭЭ БИЕЛЭХ ВЭ?

22. Есүсийг дэлхийд байхад болон амилсных нь дараахан Бурхны Хаант төр захирч эхлээгүйг юу харуулдаг вэ?

22 Есүс дагалдагчдадаа «Таны Хаант төр захираасай» гэж залбирахыг зааж байсан тэр үед Бурхны Хаант төр дэлхийг захирч эхлээгүй байсан нь тодорхой байна. Тэгвэл Есүсийг тэнгэрт гарахад захирч эхэлсэн үү? Үгүй ээ. Учир нь Дуулал 110:1-д «ЭЗЭН [Ехова] миний Эзэнд “Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу” гэдэг» хэмээн зөгнөсөн байдаг. Энэ зөгнөл Есүсийг амилсны дараа биелснийг Петр Паул хоёр баталсан (Үйлс 2:32–35; Еврей 10:12, 13). Тэгэхээр, Есүс хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй байжээ.

Есүс тэргүүтэй засгийн газрын удирдлагаар Бурхны хүсэл таалал тэнгэрт биелсэн шигээ дэлхий дээр биелнэ

23. а) Бурхны Хаант төр хэзээ захирч эхэлсэн бэ? б) Дараагийн бүлгээс юун тухай үзэх вэ?

23 Тэгвэл Есүс хэр зэрэг удаан хүлээсэн бэ? 1914 он хүртэл хүлээх ёстой байсныг Библийг нямбай судалдаг хүмүүс 19-20-р зуунд ойлгожээ. (Энэ тухай 215–218-р хуудасны хавсралтыг үзнэ үү.) Тэдний ойлголт зөв байсныг 1914 оноос хойш дэлхий дахинд болж эхэлсэн үйл явдал баталдаг. Библийн зөгнөлүүд биелсэн нь 1914 онд Есүс Хаан болж, Бурхны Хаант төр захирч эхэлснийг илтгэн харуулдаг. Тэгэхээр, бид Сатанд үлдсэн «богинохон хугацааны» үед амьдарч байгаа гэсэн үг юм (Илчлэл 12:12; Дуулал 110:2). Есүс тэргүүтэй засгийн газар Бурхны хүсэл тааллыг дэлхий дээр биелүүлэх цаг хаяанд иржээ гэж итгэлтэй хэлж болно. Энэ сайхан мэдээ таныг баярлуулж байгаа биз дээ? Та үүнд итгэж байна уу? Энэ үйл явдал тун удахгүй болно. Баталгааг нь дараагийн бүлгээс үзнэ.