АСУУЛТ 9
Би эволюцийн онолд итгэх ёстой юу?
ЧИ ЯАХ ВЭ?
Жишээ: Анхаа бодлогошрон сууна. Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт Анхаа итгэсээр иржээ. Гэтэл өнөөдөр биологийн багш эволюцийн онол бол үнэн, бас шинжлэх ухааны нээлтэд үндэслэсэн гэж ярьж байх юм. Анхаа олны өмнө эвгүй байдалд орохыг хүссэнгүй. «Ингэхэд эволюцийн онолыг эрдэмтэд нотолчихоод байхад эргэлзэхийн хэрэг байна уу?» гэж бодно.
Хэрэв чи Анхаагийн оронд байсан бол яах вэ? Сурах бичигт байгаагаар, эволюцийн онолыг үнэн гэж хүлээж авах уу?
САЙН БОДООРОЙ!
Бурханд итгэдэг, эволюцийн онолд итгэдэг хүмүүсийн аль аль нь юунд итгэж үнэмшдэгээ шууд хэлдэг ч, яагаад итгэж үнэмшдэгээ мэддэггүй.
-
Зарим хүн сүмд заалгасан учраас л, Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг.
-
Зарим хүн сургуульд заалгасан учраас л, эволюцийн онолд итгэдэг.
БОДУУШТАЙ ЗУРГААН АСУУЛТ
Библид «Аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсын барилгачин бол Бурхан мөн» гэж бичжээ (Еврей 3:4). Үүнд итгэх үндэс бий юү?
НИЙТЛЭГ ОЙЛГОЛТ: Орчлонт ертөнц «их тэсрэлтийн» улмаас үүссэн.
1. «Их тэсрэлт» хэнээс эсвэл юунаас эхтэй вэ?
2. Аль нь илүү үнэмшилтэй вэ? Бүх юм хар аяндаа үүссэн. Эсвэл бүхнийг хэн нэг нь бүтээсэн.
НИЙТЛЭГ ОЙЛГОЛТ: Хүн амьтнаас үүссэн.
3. Хүн амьтнаас, тухайлбал бичнээс үүссэн юм бол яагаад оюуны чадавх нь эрс ялгаатай байдаг юм бэ?
4. Амьд байгаль дахь «энгийн» зүйл хүртэл яагаад нарийн бүтэцтэй байдаг юм бэ?
НИЙТЛЭГ ОЙЛГОЛТ: Эволюцийн онол батлагдсан.
5. Үүнд итгэдэг хүмүүс өөрсдөө баримт нотолгоог нь нягталж үзсэн болов уу?
6. «Юмны учир ойлгодог хүмүүс бүгдээрээ эволюцийн онолд итгэдэг» гэж ярьдаг болохоор л итгэдэг юм биш биз?
«Чи өөрийгөө ойд явж байна гэж төсөөлөөрэй. Тэгтэл нэгэн гоё байшин олж харлаа. Чи юу гэж бодох вэ? “Ямар гоё юм бэ! Энэ моднууд унаад ийм гоё байшин бий болсон байх” гэж бодох уу? Яалаа гэж дээ! Хэн ч ингэж бодохгүй. Тэгвэл яагаад орчлонт ертөнц дэх бүх юм хар аяндаа үүссэн гэдэгт итгэх ёстой гэж?»—Жуля.
«Нэг хүн: “Хэвлэх машин дэлбэрээд хор нь хана таазаар нэг цацагдсан чинь тэр нь үсэг болж бичигдээд, бүтэн толь бичиг болсон” гэж хэлбэл чи итгэх үү?»—Гүэн.
БУРХАНД ИТГЭХИЙН УЧИР
Библид «бүхнийг шалга» гэж зөвлөсөн байдаг (1 Тесалоник 5:21). Тиймээс Бурханд итгэх итгэл чинь дараах зүйлд үндэслэх учиргүй.
-
СЭТГЭЛ ХӨДЛӨЛ (Биднээс хүчээр давуу нэгэн байдаг юм шиг санагддаг)
-
БУСДЫН НӨЛӨӨ (Би бусдын л адил, итгэл үнэмшилтэй)
-
ШАХАЛТ (Аав ээж маань намайг Бурханд итгэдэг хүн болгож өсгөсөн—Өөр зам байхгүй)
Харин итгэл үнэмшил чинь баримт нотолгоонд үндэслэх учиртай.
«Хүний биеийн бүтцийн тухай багшийнхаа тайлбарлахыг сонсоод би Бурхан байдаг гэдэгт улам итгэх болсон. Эрхтэн бүр өөр өөрийн үүрэгтэй. Зарим нь биднийг анзаараагүй байхад л үүргээ биелүүлдэг. Хүний бие үнэхээр гайхалтай»—Тэрэза.
«Би өндөр барилга, хөлөг онгоц, машиныг хараад “Хэн үүнийг хийсэн юм бол?” гэж боддог. Оюун ухаантай хүн л машин угсарч чадна. Жижиг жижиг эд ангиудыг нь зөв угсарч байж л машин зөв ажиллана. Машиныг хэн нэг нь зохион бүтээсэн юм бол, хүмүүс биднийг ч гэсэн хэн нэг нь бүтээсэн байж таарна»—Ричард.
«Шинжлэх ухааныг судлах тусам эволюцийн онол үнэмшилгүй санагддаг. ... Эволюцийн онолд итгэхэд, Бүтээгчид итгэхээс илүү их “итгэл” хэрэгтэй гэж би боддог»—Энтони.
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ
Хэдэн арван жил эрдэмтэд судалгаа шинжилгээ хийж байгаа ч эволюцийн онолын талаар нэг дүгнэлтэд хүрч чадаагүй. Мундаг эрдэмтэд хүртэл энэ онолын талаар нэг дүгнэлтэд хүрч чадаагүй байхад чи энэ онолд итгэх ёстой юу?