Skip to content

Гарчиг руу орох

«Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март»

«Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март»

«Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март» (ЕВР. 13:2).

ДУУ: 50, 25

1, 2. а) Харийн нутагт очсон хүмүүст ямар бэрхшээл тулгардаг вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй). б) Элч Паул ямар зөвлөгөө өгсөн бэ? Үүнээс үүдээд ямар асуулт гарч байна вэ?

ОСЭЙ [1] гуч гаруй жилийн өмнө, Гэрч болоогүй байхдаа Гана улсаас Европт анх хөл тавьжээ. Тэрээр: «Намайг гэх хүн бараг байхгүйг удалгүй ойлгосон. Ядахад цаг агаар тэс өөр. Онгоцны буудлаас явж байхдаа амьдралдаа анх удаа хүйтнийг мэдрээд, уйлсан» гэж дурссан юм. Хэлний бэрхшээлээс болоод аятайхан ажил олж чадалгүй жил гаруйн нүүрийг үзжээ. Эцэг эхээсээ хол болохоор ганцаардаж гэрээ санадаг байв.

2 Та ийм байдалд орлоо гэж бодъё. Хүмүүс танд яаж хандвал сайхан санагдах вэ? Таныг цуглааны танхимд орж ирэхэд яс үндэс, арьс өнгөөр ялгаварлахгүйгээр халуун дотно угтаж авбал баярлана биз дээ? «Харь хүмүүст зочломтгой хандахаа» буюу сайхан сэтгэл гаргахаа бүү март гэсэн зөвлөгөө Библид байдаг (Евр. 13:2). Үүнээс үүдээд дараах асуултууд урган гарч байна. «Ехова гадаадынхныг юу гэж үздэг вэ? Гадаадынхны тухай үзэл бодлоо яагаад өөрчлөх хэрэгтэй вэ? Хуралд ирсэн гадаадын хүнд гэртээ байгаа мэт сэтгэгдлийг хэрхэн төрүүлэх вэ?».

ЕХОВА ГАДААДЫНХНЫГ ЮУ ГЭЖ ҮЗДЭГ ВЭ?

3, 4. Египетээс гарсан нь 23:9-ийг үзвэл эртний израильчууд харийнханд хэрхэн хандах ёстой байсан бэ? Яагаад?

3 Ехова ард түмнээ Египетийн дарлалаас чөлөөлснийхөө дараа багц хууль өгчээ. Тэр нь израильчуудтай нэгдсэн өөр үндэстнүүдийг харж үзсэн хууль байсан (Ег. 12:38, 49; 22:21). Харийн нутагт амьдрах амаргүй учир Ехова тэдгээр израиль биш хүмүүст санаа тавьжээ. Жишээлбэл ургацын үлдэгдлийг түүх эрх өгсөн (Лев. 19:9, 10).

4 Ехова израильчуудад харийнхныг хүндэл гэсэн тушаал өгөөд зогсохгүй тэдний сэтгэлийг ойлгуулахыг хүссэн (Египетээс гарсан нь 23:9-ийг уншина). Израильчууд «харь хүний сэтгэл» ямар байдгийг мэддэг байв. Бүр боол болоогүй байхдаа ч үндэс угсаа, шашин шүтлэгээсээ болоод египетчүүдэд ад үзэгддэг байсан (Эх. 43:32; 46:34; Ег. 1:11–14). Ийнхүү харийн нутагт амьдрахын хэцүүг биеэрээ үзжээ. Үүнийгээ санан харийнханд «уугуул хүн мэт» хандах ёстой байлаа (Лев. 19:33, 34).

5. Еховаг дуурайн гадаад хүмүүст сайхан сэтгэлээр хандахын тулд яах хэрэгтэй вэ?

5 Ехова одоо ч өөрчлөгдөөгүй. Тийм учраас цуглаанд маань ирсэн гадаад хүмүүст санаа тавьдаг (Д.хууль 10:17–19; Мал. 3:5, 6). Гадаадаас ирсэн хүмүүс хэл ус мэдэхгүй байх, гадуурхагдах зэргээр янз бүрийн саад бэрхшээлтэй тулгардаг. Үүнийг бодож үзвэл тэдэнд юугаар туслахаа ойлгоно, сайхан сэтгэл гаргана (1 Петр 3:8).

ГАДААДЫНХНЫ ТУХАЙ ҮЗЭЛ БОДЛОО ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ БИШ БИЗ?

6, 7. Есүсийн эртний дагалдагчид ялгаварлан гадуурхах үзлээ таягдан хаяж сурсан нь юунаас харагддаг вэ?

6 Нэгдүгээр зууны үед иудейчүүдийн дунд ялгаварлан гадуурхах үзлийн давалгаа хүчтэй байжээ. Харин Есүсийн дагалдагчид ийм үзлээ таягдан хаяж сурсан. Иерусалимд амьдардаг байсан шавь нар МЭ 33 оны Пентекостын өдөр шинээр дагалдагч болсон газар газрын итгэл нэгтнүүддээ зочломтгой ханджээ (Үйлс 2:5, 44–47). Энэ нь «зочломтгой» гэдэг үгийн утгыг сайн ойлгосны шинж юм.

7 Гэвч Христийн дагалдагчдын тоо нэмэгдэхэд нэг асуудал гарав. Энэ нь яс үндэс, хэл соёлоор ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой байлаа. Нутгийн еврейчүүд грек хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүдэд шударга бус хандаж байгаа талаар гомдол гарчээ (Үйлс 6:1). Элч нар долоон хүнийг томилж энэ асуудлыг шийдүүлэхээр болов. Сонгосон эрчүүд нь бүгдээрээ грек нэртэй байсныг үзвэл грек хэлтэй бэлэвсэн эмэгтэйчүүдийг илүү сайн тайвшруулж чадна гэж бодсоных бололтой (Үйлс 6:2–6).

8, 9. а) Ялгаварлан гадуурхах үзэлтэй эсэхээ яагаад шалгах ёстой вэ? б) Юуг таягдан хаях хэрэгтэй вэ? (1 Петр 1:22).

8 Бид анзаардаг ч бай, үгүй ч бай, нутгийнхаа ёс заншил, соёлын нөлөөнд хүчтэй автсан байдаг (Ром 12:2). Түүнээс гадна өөр үндэс соёлтой хүмүүсийн талаар таагүй үг яриаг хөршүүд, хамт ажилладаг хүмүүс, ангийнхаа хүүхдүүдээс сонсдог байж болох юм. Энэ нь бидэнд хэр зэрэг хүчтэй нөлөөлдөг вэ? Хэрэв таны яс үндэс, ахуй соёлыг шоолох юм уу хэтрүүлж яривал танд ямар санагдах вэ?

9 Элч Петр хүртэл иудей биш хүмүүсийг ялгаварлан гадуурхаж байсан удаатай. Гэхдээ яваандаа энэ үзлээсээ салж чадсан (Үйлс 10:28, 34, 35; Гал. 2:11–14). Та бас улс орноороо бахархах юм уу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлагатайгаа анзаарсан бол таягдан хаяхын тулд чадах бүхнээ хийгээрэй (1 Петр 1:22-ыг уншина). Яаж? Бидний хэн маань ч аврагдах зохисгүй гэдгийг санаарай. Ямар ч ястан үндэстэн бай, бид бүгдээрээ төгс бус шүү дээ (Ром 3:9, 10, 21–24). Тэгж бодохлоор өөрийгөө бусдаас дээр гэж үзэх үндэс байхгүй байгаа биз? (1 Кор. 4:7). Элч Паулынхтай адилхан үзэлтэй болоорой. Тэрээр итгэл нэгтнүүддээ «харь хүмүүс болон гаднын хүмүүс биш», харин «Бурханы гэр бүлийнх» болсныг нь сануулсан (Еф. 2:19). Хэрэв бид ялгаварлан гадуурхах үзлээсээ ангижрахын тулд хамаг чадлаараа хичээдэг бол «шинэ хүнийг өмсөнө» (Кол. 3:10, 11).

ГАДААД ХҮМҮҮСТ ХЭРХЭН САЙХАН СЭТГЭЛ ГАРГАХ ВЭ?

10, 11. Боаз, харь эмэгтэй Руттэй харьцахдаа Еховаг хэрхэн дуурайсан бэ?

10 Боаз, моаб эмэгтэй Руттэй харьцахдаа Еховаг дуурайсан. Тэрээр ургац хураах үеэр талбайгаа шалгахаар ирэхдээ тариа хадагчдын орхисон түрүүг түүж яваа харийн бүсгүйг олж харжээ. Рут талбайд хаягдсан тариан түрүүг түүх эрхтэй байсан хэр нь зөвшөөрөл гуйсныг Боаз зарцаасаа сонсов. Тэгээд сэтгэл нь ихэд хөдөлж, хаягдлаас төдийгүй юүжилсэн тарианаас авахыг Рутэд зөвшөөрсөн (Рут 2:5–7, 15, 16-г уншина).

11 Талбайд ажиллаж буй эрчүүд амар заяаг нь үзүүлэхгүй байх вий гэсэндээ Боаз Рутэд «Эндээ миний шивэгчидтэй үлд» гэж хэлдэг. Үүнээс үзвэл Рутийг харийн нутгаас ирсэн болохоор нь эвгүй байдалд орохоос сэргийлж түүнд санаа тавьж байсан нь тодорхой. Тэр байтугай, Рутийг хөлсний ажилчид шигээ санан сайн хоол унд өгсөн. Бас ядуу харь эмэгтэй гэж дорд үзэлгүй, магтаж урамшуулсан (Рут 2:8–10, 13, 14).

12. Гадаадаас ирсэн хүмүүст сайхан сэтгэл гаргах нь ямар үр дүнтэй вэ?

12 Рут хадам эх Наомидаа үнэнч хайрыг илэрхийлээд зогсохгүй «Израилийн Бурхан ЭЗЭНий ... далавчин доор ... хоргодох газар хайн ирсэн». Тийм болохоор Боазын сэтгэл хөдөлж түүнд тусламжийн гараа сунгажээ. Энэ нь үнэн хэрэгтээ Ехова Бурхан Рутэд үнэнч хайраа илэрхийлсэн хэрэг байлаа (Рут 2:12, 20; Сур. 19:17). Бид бас бүх хүнд сайхан сэтгэл гаргадаг бол үнэнийг мэдүүлнэ, бас Еховагийн хайрыг мэдрүүлнэ (1 Тим. 2:3, 4).

Шинэ хүн цуглааны танхимд ирвэл та халуун дотноор угтах уу? (13, 14-р догол мөрийг үзнэ үү)

13, 14. а) Цуглаанд гадаад хүн ирвэл яагаад халуун дотноор угтаж авах хэрэгтэй вэ? б) Өөр хэл соёлтой хүнтэй ярихаасаа халширдаг бол яах нь зүйтэй вэ?

13 Гадаадын хүмүүсийг цуглааны танхимд ирэхэд халуун дотноор угтаж авдаг бол сайхан сэтгэл гаргаж байна гэсэн үг. Тэдний зарим нь ичиж зовоод олноос зайдуу сууж болох юм. Хэл соёл, нийгэмд эзлэх байр суурь зэргээсээ болоод өөрийгөө бусад үндэстнээс дорд үздэг байж магадгүй. Тиймээс бид санаачилга гарган тэдэнд чин сэтгэлээсээ санаа тавих хэрэгтэй. Хэрэв Жей даблю лайнгвиж аппликейшн (JW Language app) танай хэлээр гарсан бол гадаадаас ирсэн хүнтэй эх хэлээр нь мэндэлж сураарай (Филиппой 2:3, 4-ийг уншина).

14 Та өөр хэл соёлтой хүнтэй ярихаасаа халширдаг байж болох юм. Энэ дутагдлаа ялъя гэвэл тэр хүнд өөрийнхөө тухай ямар нэг юм яриарай. Тэгвэл та хоёрт ялгаатай гэхээсээ төстэй зүйл олон байгааг анзаарна. Үндэстэн бүр өөрийн гэсэн сайн муу талтай байдаг шүү дээ.

ГЭРТЭЭ БАЙГАА МЭТ СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЭЭРЭЙ

15. Гадаадынхныг илүү сайн ойлгохын тулд яах хэрэгтэй вэ?

15 Хуралд ирсэн гадаадын хүмүүст гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрөөсөө ингэж асуугаарай. «Хэрэв би гадаадад очлоо гэхэд хүмүүс надад яаж хандаасай гэж хүсэх бол?» (Мат. 7:12). Шинэ газар оронд дасаагүй хүмүүст тэвчээртэй хандаарай. Тэдний сэтгэхүйг эхэндээ сайн ойлгохгүй байж болох юм. Гэхдээ манай соёлоос суралц гэж шаардахын оронд тэднийг ойлгохыг хичээвэл ямар вэ? (Ром 15:7-г уншина).

16, 17. а) Гадаадаас ирсэн хүмүүстэй дотносохын тулд яах хэрэгтэй вэ? б) Хурлынхаа гадаад хүмүүст хэрхэн туслах вэ?

16 Тухайн хүний нутаг ус, ахуй соёлынх нь талаар уншиж судалбал танилцаж дотносоход илүү хялбар болно. Хурлынхаа эсвэл хэсэгт тань амьдардаг гадаадынхны соёл, ёс заншлын талаар Гэр бүлийн хичээлээрээ судалж болохгүй нь юу билээ? Тийм хүмүүстэй дотносох бас нэг арга нь гэртээ хоолонд урих юм. Ехова «итгэлийн үүдийг харь үндэстнүүдэд» нээсэн юм бол, бид «итгэлийн гэр бүлийн гишүүд» болсон тэр хүмүүст үүдээ нээж болохгүй гэж үү? (Үйлс 14:27; Гал. 6:10; Иов 31:32).

Гадаадаас ирсэн хүнд та зочломтгой ханддаг уу? (16, 17-р догол мөрийг үзнэ үү)

17 Хэрэв та гадаадаас цагаачилж ирсэн гэр бүлд цаг зав гаргавал танай соёлд дасах гэж ямар их хичээж байгааг нь ойлгоно. Хэл сурахад нь туслах хэрэгтэйгээ мэдэж авна. Тохиромжтой ажил, байр зуучилдаг байгууллагатай холбоо барихад нь тусална. Ийнхүү санаачилга гаргавал итгэл нэгтэндээ том тус хүргэж байна гэсэн үг (Сур. 3:27).

18. Гадаадаас ирсэн хүмүүс хэний жишээг дагах нь зүйтэй вэ?

18 Нөгөө талаар гадаад хүмүүс шинэ орчин, шинэ соёлд дасахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Рутийн үлдээсэн сайхан жишээг санаарай. Тэрээр шинэ нутгийнхаа ёс заншлыг дээдэлж «хаягдсан түрүүг түүх» зөвшөөрөл авсан (Рут 2:7). Би ийм эрхтэй эсвэл хүмүүс надад туслах ёстой гэж бодоогүй. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан хүмүүст баярлаж талархсанаа дор нь илэрхийлдэг байсан (Рут 2:13). Шинэ газар оронд ирсэн хүмүүс Рутийнх шиг сэтгэлтэй бол тухайн нутгийнхны болон итгэл нэгтнүүдийнхээ хүндэтгэлийг хүлээнэ.

19. Гадаадаас ирсэн нэгэндээ яагаад гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй вэ?

19 Ехова энэрэнгүй сэтгэлийн үүднээс бүх үндэстэнд сайн мэдээ дуулгаж байгаад бид баярладаг. Зарим хүн нутагтаа Библийн хичээл хийж, цуглаанд явах боломжгүй байж мэднэ. Харин одоо Гэрчүүдтэй уулзаж цуглаанд суудаг болсон учир тэдэнд гэртээ, өөрийнхөнтэйгөө хамт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Мөнгө төгрөг муутай юм уу хүссэнээрээ тусалж чадахгүй байлаа ч сайхан сэтгэлээр ханддаг бол хайрлаж байна гэсэн үг. Бид бүгдээрээ «Бурханыг дуурайгчид» билээ. Тиймд гадаадаас ирсэн нэгэндээ халуун дотно сэтгэлээр хандаж явцгаая (Еф. 5:1, 2).

^ [1] (1-р догол мөр) Нэрийг өөрчлөв.