Итгэлээ үйл хэргээрээ харуулж зөв шийдвэр гарга!
«Ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуй» (ИАК. 1:6).
ДУУ: 54, 42
1. Каин юунаас болоод буруу шийдвэр гаргасан бэ? Үр дагавар нь юу байсан бэ?
КАИН нэг чухал шийдвэр гаргахаар болжээ. Нүгэлт хандлагаа ялах уу? Эсвэл сэтгэл хөдлөлдөө автаад буруу юм хийх үү? Алийг нь ч сонголоо гэсэн, гаргасан шийдвэрийнх нь үр дагавар насан туршид нь нөлөөлөх байв. Каин буруу алхам хийснийг бид Библиэс мэдэх билээ. Тэр шийдвэрээс нь болоод дүү Абел нь амиа алдсан. Каин Бүтээгчтэйгээ анд нөхөр байхаа больжээ (Эх. 4:3–16).
2. Зөв шийдвэр гаргах нь ямар ач холбогдолтой вэ?
2 Бид бас шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Гаргасан шийдвэр болгон үхэх сэхэхтэй холбоогүй ч амьдралд хар мөр үлдээх нь бий. Зөв шийдвэр гаргавал харьцангуй зовлон багатай, амар тайван амьдарна. Харин буруу шийдвэр гаргавал бидний амьдрал эмх замбараагүй болж гуниг цөхрөл, хэрүүл маргаан тасрахгүй (Сур. 14:8).
3. а) Зөв шийдвэр гаргая гэвэл яах хэрэгтэй вэ? б) Ямар асуултуудыг ярилцах вэ?
3 Зөв шийдвэр гаргая гэвэл яах хэрэгтэй вэ? Бурханд итгэх хэрэгтэй. Бидэнд мэргэн ухаан өгөхийг хүсдэг, өгөх ч чадалтай гэдэгт нь бүү эргэлзээрэй. Бас Бурхны Үгийн зөвлөгөө ашигтай гэдэгт итгээрэй (Иаков 1:5–8-ыг уншина). Еховатай дотносож Үгийг нь эрхэмлэдэг болохын хэрээр бидэнд юу хамгийн сайн болохыг мэддэг гэдэгт нь улам бүр итгэнэ. Тэгээд шийдвэр гаргахаасаа өмнө Бурхны Үгнээс зөвлөгөө хайдаг болно. Үргэлж зөв шийдвэр гаргадаг болохын тулд яах вэ? Нэгэнт шийдсэн бол юу ч болж байсан бодлоо өөрчилж болохгүй юү?
БҮХ ХҮН ШИЙДВЭР ГАРГАДАГ
4. Адам ямар шийдвэр гаргасан бэ? Үр дагавар нь юу байсан бэ?
4 Бүх хүн чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ нь хүн бий болсон цагаас эхтэй. Анхны хүн Адамд Бүтээгчийнхээ үгэнд орох уу, эхнэрийнхээ үгэнд орох уу гэдэг асуудал тулгарчээ. Шийдвэрээ ч гаргажээ. Тэр шийдвэрийнх нь талаар та юу гэж боддог вэ? Адам эхнэрийнхээ үгэнд ороод буруу шийдвэр гаргасны гайгаар диваажинд амьдрах эрхээ төдийгүй амиа алдсан. Түүгээр үл барам, гаргасан шийдвэрийнх нь гашуун үр дагаврыг хүн төрөлхтөн одоо ч амсаж байна.
5. Бид яагаад өөрсдөө шийдвэр гаргах ёстой вэ?
5 Шийдвэр гаргах шаардлагагүй байсан бол хэчнээн амар вэ гэж зарим хүн боддог. Танд бас тэгж санагддаг уу? Ехова хүнийг бүтээхдээ бодож шийдэх чадваргүй робот болгоогүйг санаарай. Харин яаж зөв шийдвэр гаргахыг Библиэр зааж өгдөг шүү дээ. Ехова биднийг өөрсдөө шийдвэр гаргаасай гэж хүсдэг. Энэ нь бидэнд л тустай. Дараах жишээг бодож үзье.
6, 7. Эртний израильчуудын өмнө ямар хоёр зам байсан бэ? Зөв шийдвэр гаргах нь яагаад тийм хэцүү байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
6 Эртний израильчууд Амласан газар суурьшаад байхдаа маш чухал шийдвэр гаргах хэрэгтэй болжээ. Еховаг шүтэх үү, өөр бурхдыг шүтэх үү? (Иошуа 24:15-ыг уншина). Шийдэхэд амархан юм шиг санагдаж болох юм. Гэвч алийг нь сонгохоос үхэх сэхэх нь шалтгаалах байлаа. Шүүгчдийн үед израильчууд удаа дараа буруу шийдвэр гаргажээ. Тэд Еховагаас нүүр буруулж хуурамч бурхдыг шүтдэг болсон (Шүү. 2:3, 11–23). Хожим нь зөнч Елиагийн үед бас Еховад үйлчлэх үү, хуурамч бурхан Баалд үйлчлэх үү гэдгээ сонгох хэрэгтэй болжээ (Х.дээд 18:21). Елиа тэднийг шийдэмгий бус байна гэж зэмлэдэг. «Израильчууд яагаад шийдэмгий бус байсан юм бол? Еховад үйлчлэх нь хамгийн зөв, хамгийн тустай шүү дээ» гэж та бодох байх. Юмны учрыг ухаж боддог хүн хэзээ ч амьгүй бурханд үйлчлэхгүй нь тодорхой. Гэтэл израильчууд «хоёр замын хооронд тээнэгэлзэж» байсан. Елиа тэдэнд жинхэнэ Бурхан Еховаг сонгохыг уриалжээ.
7 Зөв шийдвэр гаргах нь израильчуудад ямар учраас тийм хэцүү байсан юм бол? Нэгдүгээрт, Еховад итгэхээ больж, үгийг нь сонсохыг хүсээгүй. Тэд үнэн зөв мэдлэг олж аваагүй, Бурхны мэргэн ухаанаар ч удирдуулаагүй. Бас Еховад найддаггүй байсан. Хэрэв үнэн зөв мэдлэгтэй байсан бол зөв шийдвэр гаргах байв (Дуу. 25:12). Хоёрдугаарт, израильчууд бусад үндэстний нөлөөнд автжээ. Харь үндэстнүүд тэдний бодол санааг эргүүлээд зогсохгүй өмнөөс нь шийдвэр гаргаж өгдөг байсан. Үүний улмаас израильчууд тэднийг дагаж, хуурамч бурхдыг нь шүтдэг болсон. Ийм явдал тохиолдож болзошгүйг Ехова аль эртнээс сануулж байсан билээ (Ег. 23:2).
БУСДААР ШИЙДҮҮЛЭХ НЬ ЗӨВ ҮҮ?
8. Израильчуудын түүхээс ямар сургамж авч болох вэ?
8 Израильчуудын түүх бидэнд сургамжтай. Шийдвэр гаргах нь хувийн асуудал ч Библийн мэдлэгт үндэслэж гаргасан шийдвэр хамгийн зөв байдаг. Галат 6:5-д «Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» гэсэн сануулга байдаг шүү дээ. Өөрийнхөө асуудлыг өрөөл бусдаар шийдүүлэх ёсгүй гэсэн үг. Харин Бурхны хувьд юу нь зөв болохыг судалж мэдээд, түүнийгээ ажил хэрэг болгож сурах нь зүйтэй.
9. Өөрийнхөө асуудлыг бусдаар шийдүүлэх нь яагаад аюултай вэ?
9 Өөрийнхөө өмнөөс бусад хүнээр шийдвэр гаргуулах нь ямар аюултай вэ? Тэд буруу юм хийлгэх гэж дарамталж мэднэ (Сур. 1:10, 15). Хэчнээн дарамтлууллаа ч Библиэр сургасан мөс чанартаа захирагдах нь бидний үүрэг. Ер нь өөрийнхөө асуудлыг бусдаар шийдүүлж байгаа маань тэднийг дагахаар шийдсэн гэсэн үг. Ийм шийдвэр хэзээ ч сайн юманд хүргэхгүй.
10. Паул Галат дахь итгэл нэгтнүүдээ юунаас сэрэмжлүүлсэн бэ?
10 Өөрийнхөө өмнөөс шийдвэр гаргуулах нь аюултайг элч Паул Галат дахь дагалдагчдад тодорхой анхааруулсан (Галат 4:17-г уншина). Учир нь хурлын зарим гишүүн бусдынхаа өмнөөс шийдвэр гаргахыг оролддог байв. Яах гэж тэр вэ? Аминч үзэлдээ автсан тэд итгэл нэгтнүүдээ элч нараас холдуулж, араасаа дагуулахыг хүссэн ажээ. Ийнхүү бардам загнаж, ах дүүгийнхээ шийдвэр гаргах эрхийг нь үл хүндэтгэдэг байжээ.
11. Шийдвэрээ гаргахад нь бусдад хэрхэн тусалж болох вэ?
11 Паул итгэл нэгтнүүдийнхээ шийдвэр гаргах эрхийг хүндэлж үздэг байсан нь дуурайвал зохих сайхан жишээ болдог (2 Коринт 1:24-ийг уншина). Ахлагчид хувийн асуудлаар зөвлөгөө өгөхдөө Паулыг дуурайх нь зүйтэй. Ах дүүтэйгээ Библид үндэслэн ярилцах нь сайхан байлгүй яах вэ! Гэхдээ хувийн шийдвэрээ гаргахад нь туслахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь хүн бүр гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээдэг. Бид итгэл нэгтэндээ санаа тавьж Библийн зарчим, зөвлөгөөнд анхаарлыг нь хандуулахаас өөр юу ч хийж чадахгүй. Үүнийг санах хэрэгтэй. Шийдвэр гаргах эрх, үүрэг нь зөвхөн тэднийх юм. Шийдвэрээ зөв гаргавал тэдэнд л тустай. Тиймээс ах дүүгийнхээ өмнөөс шийдвэр гаргах бүрэн эрхтэй юм шиг авирлаж хэрхэвч болохгүй.
СЭТГЭЛ ХӨДӨЛСӨН ҮЕД ШИЙДВЭР ГАРГАХДАА
12, 13. Ууртай эсвэл сэтгэлээр унасан үедээ зүрхээ дагавал яагаад аюултай вэ?
12 «Сэтгэл зүрхээ дага». Энэ бол олон хүний мөрдлөг болгодог зарчим. Гэтэл энэ нь аюултай. Зүрхээ дагавал Библийн зарчмыг зөрчинө. Аливааг шийдэхдээ төгс бус зүрхэндээ хөтлөгдөх буюу сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг Библи анхааруулдаг (Сур. 28:26). Зүрх сэтгэлээ дагаад гашуун үр дагавар амссан хүмүүсийн тухай Библиэс уншиж болно. Төгс бус хүний «зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм». Тийм учраас зүрхэндээ итгэж болохгүй (Иер. 3:17; 13:10; 17:9; Х.дээд 11:9). Бид ямар үед сэтгэл зүрхээ дагаж мэдэх вэ?
13 Гэрч хүн Еховаг бүх зүрхээрээ хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах тушаалтай билээ. Тийм учраас зүрх маш чухал (Мат. 22:37–39). Гэхдээ Иеремиа 17:9-ийг үзвэл сэтгэл хөдлөлдөө автаад ямар нэг зүйлийг бодох юм уу хийх нь аюултай. Жишээлбэл ууртай байхдаа асуудлыг шийдвэл юу болох вэ? Ийм зуршилтай байсан хүн шууд хариулах байх (Сур. 14:17; 29:22). Тэгвэл сэтгэлээр унасан үедээ зөв шийдвэр гаргаж чадах уу? Юу л бол! (Тоол. 32:6–12; Сур. 24:10). Бид ямар ч үед Бурхны хуулийг удирдлага болгох ёстойг Библи сануулдаг (Ром 7:25). Тэгэхлээр маш чухал шийдвэрийг уурлаж бухимдсан, гуньж гутарсан үедээ гаргаж болохгүй байх нь ээ.
ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ӨӨРЧЛӨХ НЬ
14. Шийдвэрээ өөрчлөх нь заримдаа зөв байдгийг хаанаас мэдэж болох вэ?
14 Бид зөв шийдвэр гаргах ёстой. Гэхдээ энэ нь нэгэнт гаргасан шийдвэрээ өөрчилж болохгүй гэсэн үг биш юм. Заримдаа шийдвэрээ дахин нягталж үзээд өөрчлөх үе бий. Ехова Бурхнаасаа жишээ авч болно. Ехова Ионагийн үед Ниневе хотынхонд юу хийснийг авч үзье. «Өөрсдийн бузар булай замаа орхисон тэдний үйлсийг Бурхан үзээд тэдэн дээр буулгана гэж тунхагласан гай гамшгийн талаарх бодлоо зөөлрүүлээд, сүйрэл буулгаагүй билээ» (Иона 3:10). Ниневечүүд гэмшиж, буруу хандлагаа зассаныг хараад Ехова шийдвэрээ өөрчилсөн. Ийнхүү даруу зантай, өрөвч сэтгэлтэй, аливаад наанатай цаанатай ханддагаа батлан харуулсан. Тэгээд ч Ехова хүмүүс шиг уурын мунхгаар, юу ч бодолгүй шийдвэр гаргадаггүй.
15. Юунаас болоод шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй болж мэдэх вэ?
15 Нөхцөл байдал өөрчлөгдөхөд шийдвэрээ эргэн харах нь тустай байж болох юм. Ехова ч бас шийдвэрээ өөрчилсөн удаатай (Х.дээд 21:20, 21, 27–29; Х.дэд 20:1–5). Заримдаа бид шинэ мэдээлэл авбал гаргасан шийдвэрээ өөрчлөх хэрэгтэй байж магадгүй. Давид хаанд тохиолдсон явдлыг авч үзье. Тэрээр Саулын ач хүү Мефибошетийн талаар худал мэдээ сонсоод шийдвэр гаргачихжээ. Харин хожим нь үнэнийг мэдмэгцээ бодлоо өөрчилсөн (2 Сам. 16:3, 4; 19:24–29). Бид ч бас заримдаа шийдвэрээ өөрчлөх нь ухаалаг байж магадгүй.
16. а) Шийдвэр гаргахад тустай ямар зөвлөгөө байдаг вэ? б) Шийдвэрээ яагаад өөрчлөх хэрэгтэй болж мэдэх вэ? Ийм үед яах вэ?
16 Чухал асуудлыг яаран шийдэж болохгүй гэж Бурхны Үг бидэнд зөвлөдөг (Сур. 21:5). Тухайн асуудлыг олон талаас нь нягталж, холбогдох баримтуудад дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Ингэж байж зөв шийдвэр гаргана (1 Тес. 5:21). Өрхийн тэргүүнүүд шийдвэр гаргахаасаа өмнө Библи болон ном сэтгүүлээ сайтар судлах хэрэгтэй. Бас эхнэр хүүхдийнхээ санал сэтгэгдэл, үзэл бодлыг сонсох нь маш чухал. Ехова Абрахамд эхнэрийнхээ үгийг сонсохыг зөвлөдөг шүү дээ (Эх. 21:9–12). Ахлагчид ч мөн ялгаагүй, цаг зав гаргаад судалгаа хийх хэрэгтэй. Жишээ нь нэг ахлагч шинэ зүйл олж мэдээд шийдвэрээ өөрчлөх хэрэгтэйгээ ойлгожээ. Хэрэв тэрээр аливаад уян хатан ханддаг, даруу зантай бол хүмүүсийн хүндэтгэлийг алдахаас айхгүй. Тохиромжтой үед шийдвэрээ өөрчлөхөд бэлэн байна. Хурлын бусад гишүүн ахлагчдын жишээг дагах хэрэгтэй. Ингэвэл хурлаараа амар тайван, эв нэгдэлтэй байна (Үйлс 6:1–4).
ШИЙДСЭНИЙХЭЭ ДАГУУ ХИЙ
17. Зөв шийдвэр гаргадаг болъё гэвэл яах хэрэгтэй вэ?
17 Шийдэх асуудал болгон харилцан адилгүй. Зарим нь илүү ярвигтай байдаг. Хэдийчинээ ярвигтай байна, төдийчинээ их бодож залбирч цаг зав гаргаж байж шийдэх хэрэгтэй. Жишээ нь гэрлэх үү, ганц бие байх уу, ямар хүнтэй суух вэ гэдэг асуудал зарим хүнд тулгардаг. Хэзээ, яаж бүрэн цагийн үйлчлэгч болох вэ гэдэг ч бас чухал асуудал юм. Ийм үед Ехова мэргэн зөвлөгөө өгнө гэж бат итгэх хэрэгтэй (Сур. 1:5). Хамгийн сайн зөвлөгөө Библид бий. Тийм учраас Библийг судалж Еховагаас удирдлага заавар гуйх нь зүйтэй. Хүсэл таалалд нь нийцсэн шийдвэр гаргахад хэрэгтэй зан чанарыг Ехова өгнө гэдгийг бүү мартаарай. Чухал шийдвэр гаргах болбол «Энэ шийдвэрээс Еховад хайртай минь харагдах уу? Миний гэр бүл баяр хөөртэй, амар тайван болох уу? Намайг хүмүүс тэвчээртэй, сайхан сэтгэлтэй хүн гэж бодох уу?» гэж өөрөөсөө асууж байгаарай.
18. Ехова биднийг яагаад өөрсдөө шийдвэр гаргаасай гэж хүсдэг вэ?
18 Намайг хайрла, надад үйлчил гэж Ехова хэнийг ч албаддаггүй. Үүнийг хувь хүн өөрөө шийдэх ёстой. Ехова бидэнд сонгох эрх чөлөө өгсөн. Тиймээс өөрт нь үйлчлэх эсэхээ шийдэх эрхийг маань хүндэтгэн үздэг (Иош. 24:15; Ном. 5:4). Гэхдээ Библид үндэслэн шийдээд, түүнийхээ дагуу хийгээсэй гэж хүсдэг. Хэрэв бид Еховагийн удирдлага зааварт бүрэн итгэж найдан, Библийн зарчмыг баримталдаг бол зөв шийдвэр гаргана. Бас «бүх үйлдээ» тогтвортой байна (Иак. 1:5–8; 4:8).