Та сануулгыг зүрх сэтгэлээрээ хүлээн авах уу?
«Үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ» (1 КОР. 10:11).
ДУУ: 11, 29
1, 2. Энэ өгүүллээр яагаад Иудагийн дөрвөн хаанд тохиолдсон явдлыг авч үзэх вэ?
ТАНЫ урд явж байсан хүн халтираад уначихлаа. Тэгвэл та тэр замаар маш болгоомжтой явна биз дээ? Үүн шиг, үнэний замаар явж байсан хүмүүс амьдралдаа ямар алдаа гаргасныг эргэцүүлэн бодвол тэдний араас орохгүй. Жишээлбэл Библид гардаг үнэнч хүмүүс алдаа гаргаж явжээ. Тэдний түүхийг судалж үнэтэй сургамж авцгаая.
2 Өмнөх өгүүллээр ярилцсан Иудагийн дөрвөн хаан Еховад зүрх сэтгэлээ бүрэн зориулсан байсан. Гэсэн хэдий ч ноцтой алдаа гаргаж явжээ. Тэдэнд тохиолдсон явдлыг Библид тэмдэглэн үлдээсэн нь биднийг эргэцүүлэн бодоод сургамж аваасай гэснийх юм. Тэгвэл ямар сургамж авах вэ? Алдааг нь давтахгүйн тулд яах хэрэгтэй вэ? (Ром 15:4-ийг уншина).
ХҮНД НАЙДВАЛ СҮЙРЭХИЙН ЦОНДОН
3-5. а) Аса Еховад зүрхээ бүрэн зориулсан хэр нь ямар алдаа гаргасан бэ? б) Баашаг Иуда руу довтлоход Аса яагаад хүнд найдсан байж болох вэ?
3 Асагийн жишээг эхлээд ярилцъя. Етиопын нэг сая цэрэг Иуда руу довтлохоор ирэхэд Аса Еховад найдсан билээ. Тэгсэн хэр нь Израилийн хаан Бааша газар нутгийг нь эзлэхээр ирж, Иудагийн хилийн хот Рамад бэхлэлт босгоход тэрээр Еховад найдаагүй (Ш.дэд 16:1–3). Үүний оронд Сирийн хаан Бен-хададад хахууль өгч Баашатай тулалдахыг гуйсан нь дээр гэж боджээ. Ингэж өөртөө найдсан нь зөв байсан уу? «Бааша үүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, ажлаа зогсоов» гэж Библид байдаг (Ш.дэд 16:5). Асагийн сэдсэн арга эхэндээ үр дүнтэй мэт санагдахаар байлаа.
4 Харин Аса өөртөө найдсан нь Еховад таалагдаагүй. Тийм учраас Ехова зөнч Хананиг илгээж түүнийг зэмлүүлжээ (Шастирын дэд 16:7–9-ийг уншина). Ханани Асад «Одооноос эхлэн чи ямагт дайн тулаантай байх болно» гэсэн. Бааша Рама хотоос явсан ч Асаг амьд байх хугацаанд дайн тулаан тасраагүй юм.
5 Ехова Асаг шалгаад зүрх сэтгэлээ бүрэн зориулсан гэж дүгнэснийг бид өмнөх өгүүллээр ярилцсан (Х.дээд 15:14). Ерөнхийд нь авч үзвэл Аса Еховагийн шаардлагыг хангасан үнэнч хүн байжээ. Гэхдээ буруу шийдвэр гаргасан болохоор үр дагаврыг нь амссан. Аса яагаад Еховад найдалгүй, өөртөө бас Бен-хададад найдсан бэ? Бурхнаас тусламж гуйснаас өөр улстай дипломат харилцаа тогтоох юм уу цэрэг дайны тактик хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж бодсон байх. Эсвэл хүмүүсийн өгсөн буруу зөвлөгөөг дагасан байж болох юм.
6. Асагийн алдаанаас ямар сургамж авч болох вэ? Жишээ хэлнэ үү.
6 Асад тохиолдсон явдлыг уншихлаар өөрийгөө шалгах хүсэл төрж байгаа биз дээ? Дааж давшгүй мэт санагдах бэрхшээл тулгарахад Еховад найдах амархан. Харин өдөр тутмын амьдралд гардаг жижиг сажиг асуудлыг та яаж шийддэг вэ? Өөртөө найдаж зөв гэж бодсоноороо шийдчих гээд байдаг уу? Эсвэл эхлээд Библийн зарчмыг бодож түүнийгээ хэрэгжүүлэхийг хичээдэг үү? Ингэвэл Еховад найдаж байна гэсэн үг. Дараах нөхцөлийг бодож үзээрэй. Таныг цуглаан юм уу чуулганд явах гэхлээр гэрийнхэн тань эсэргүүцдэг гэж бодъё. Та Еховад залбирч энэ асуудлыг шийдэх хамгийн сайн арга олоход туслаач гэж гуйх уу? Эсвэл ажлаасаа халагдсан гэж бодъё. Хайж хайж арайхийж нэг ажил олбол долоо хоног бүр цуглаанд явах ёстойгоо захиралдаа хэлж чадах уу? Ямар ч бэрхшээл тулгарсан, дуулалчийн хэлсэн үгийг санаж явцгаая. Тэрээр: «Өөрийн замыг ЭЗЭНд даатга, мөн Түүнд итгэж найд. Тэгвэл Тэр биелүүлж өгнө» гэжээ (Дуу. 37:5).
МУУТАЙ НӨХӨРЛӨВӨЛ ...
7, 8. Иехошафат ямар алдаа гаргасан бэ? Үр дагавар нь юу байсан бэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
7 Асагийн хүү Иехошафатад тохиолдсон явдлыг авч үзье. Иехошафат олон сайхан зан чанартай хүн байв. Еховад итгэж найддаг байхдаа их зүйлийг бүтээжээ. Гэхдээ бас ноцтой алдаа гаргаж байсан. Жишээлбэл хойд хаант улсын өөдгүй хаан Ахабтай ураг барилджээ. Зөнч Микаиагийн зөвлөгөөг үл тоон Ахабтай нийлж сиричүүдтэй тулалдахаар явсан. Тулалдааны үеэр амиа алдах дөхжээ (Ш.дэд 18:1–32). Иехошафатыг Иерусалимд буцаж ирэхэд зөнч Иехү: «Та харгис муу хүмүүст туслан, ЭЗЭНийг үзэн ядагчдыг хайрласнаараа ЭЗЭНээс ирэх уур хилэнг өөр дээрээ буулгах гэж үү?» хэмээн асуужээ (Шастирын дэд 19:1–3-ыг уншина).
8 Иехошафат алдаанаасаа сургамж авсан болов уу? Тэрээр Еховад таалагдах зүйлийг хийж, идэвх зүтгэлтэй үйлчилж байсан ч алдаанаасаа сургамж аваагүй. Бас Иехүгийн сануулгыг ч хүлээн аваагүй нь харагддаг. Энэ удаа дахиад л буруу хүнтэй нөхөрлөжээ. Тэр хүн нь Ахабын хүү, Бурхны дайсан болох хорон санаат Ахазиа байв. Иехошафат Ахазиа хаантай нийлж олон хөлөг онгоц хийсэн боловч тэдгээр нь зорьсон газраа ч хүрэлгүй сүйрчээ (Ш.дэд 20:35–37).
9. Муу хүнтэй нөхөрлөх нь ямар аюултай вэ?
9 Иехошафатын алдаанаас ямар сургамж авах вэ? Ер нь Иехошафат сайн хаан байв. Зөв юм хийж «ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ эрэлхийлж байсан» (Ш.дэд 22:9). Гэлээ ч Еховаг хайрладаггүй хүмүүстэй нөхөрлөдөг байсан нь гай болжээ. «Мэргэн хүмүүстэй хамт явагч нь мэргэн болно. Харин мунхаг хүмүүстэй нөхөрлөгч нь хохирол амсана» гэж Библид байдаг (Сур. 13:20). Нөгөө талаар, үнэнийг сонирхдог хүмүүст туслах хэрэгтэй нь ойлгомжтой. Гэхдээ Иехошафат Ахабтай нөхөрлөсний гайгаар амиа алдах шахсан шиг бид бас Еховаг шүтдэггүй хүмүүстэй дотносон нөхөрлөвөл өөрөө өөртөө зовлон удна.
10. а) Гэрлэх бодолтой явдаг хүмүүс Иехошафатаас ямар сургамж авах вэ? б) Бид юуг санах ёстой вэ?
10 Жишээлбэл Гэрч хүн итгэл нэгтнүүдийнхээ дундаас тохирох ханиа олж чадахгүй нь гэж бодоод Еховад үйлчилдэггүй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болж мэднэ. Эсвэл итгэгч биш ах дүү, хамаатан садан нь түүнийг шавдуулж «Гэрлэхгүй бол оройтлоо» гэж чихнээс нь хонх уяж магадгүй. Хүн хайрлаж, хайрлуулах хэрэгцээтэй бүтээгдсэн нь үнэн. Гэхдээ таарч тохирох ханиа олж чадахгүй бол яах вэ? Иехошафатад юу тохиолдсоныг эргэцүүлэн бодоорой. Уг нь тэрээр Бурхны удирдлага зааврыг эрж хайдаг хүн байсан (Ш.дэд 18:4–6). Гэхдээ Еховаг огтхон ч хайрладаггүй байсан Ахабтай нөхөрлөөд яалаа? Ехова өөрт нь зүрх сэтгэлээ бүрэн зориулсан хүнийг хайж байдгийг Иехошафат санах ёстой байсан юм. Өнөөдөр ч Бурхны «мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явж» бидэнд «хүчтэй дэмжлэг» болоход бэлэн байдаг (Ш.дэд 16:9). Ехова нөхцөл байдлыг маань сайн ойлгож, биднийг хайрладаг. Хайрлаж, хайрлуулах хэрэгцээг тань Бурхан хангана гэдэгт та итгэдэг үү? Хангаж өгнө гэдэгт итгээрэй!
БАРДАМ БОЛОХГҮЙН ТУЛД
11, 12. а) Ехова Хезекиагийн зүрхэнд юу байгааг хэрхэн илчилсэн бэ? б) Ехова яагаад Хезекиаг уучилсан бэ?
11 Хезекиагаас ямар сургамж авах вэ? Зүрхийг шалгагч Ехова Хезекиагийн зүрхэнд юу байгааг илчилжээ (Шастирын дэд 32:31-ийг уншина). Хезекиаг үхлүүт өвчтэй болоход Бурхан эдгээхээ амлан тэмдэг үзүүлж, сүүдрийг арван алхмаар урагшлуулдаг. Вавилоны ханхүү түүн рүү элчээ илгээсэн нь уг гайхамшгийн талаар мэдэх гэснийх бололтой (Х.дэд 20:8–13; Ш.дэд 32:24). Ехова Хезекиаг «сорихын тулд ... ганцааранг нь орхисон». Энэ үед Хезекиа зүрхэндээ юу байгааг илчилж Вавилоноос ирсэн зочдод «өөрийн эрдэнэсийн санд байсан бүгдийг үзүүлэв».
12 Хезекиа яагаад бардам болсныг Библид бичээгүй. Ассиричуудыг ялснаас эсвэл Бурхан түүнийг гайхамшгаар эдгээснээс болсон байж болох юм. «Үлэмж их баялаг, нэр хүнддээ» эрдсэн ч байж магадгүй. Аль нь ч байлаа гэсэн Хезекиа бардам болсон. Тийм учраас хийсэн бүхнийх нь төлөө Бурханд талархаагүй. Хэчнээн харамсалтай вэ! Бүхий л зүрхээрээ үйлчилж байсныг минь санаач хэмээн залбирч байсан шүү дээ. Гэвч дараа нь бардам загнаж Еховагийн уурыг хүргэжээ. Хожим нь «зүрхнийхээ бардамналыг номхруулсан» учраас Ехова түүнийг уучилсан (Ш.дэд 32:25–27; Дуу. 138:6).
13, 14. а) Зүрх сэтгэлд маань юу байгаа нь хэзээ илэрхий болох вэ? б) Хүмүүсээс магтаал сонсохлоороо бид яах ёстой вэ?
13 Хезекиад тохиолдсон явдлыг уншиж, эргэцүүлэн бодох нь бидэнд ямар ач тустай вэ? Ехова түүнд Сеннахерибийг ялахад нь тусалж, хүнд өвчнөөс нь ангижруулсны дараахнаас тэрээр бардам болсныг санаарай. Бидэнд бас ийм юм тохиолдож болох уу? Биднийг амжилттай явах үед Ехова зүрхэнд маань юу байгааг ил болгохын тулд ганцааранг маань орхиж болох юм. Жишээ авъя. Гэрч эрэгтэй маш сайн бэлдэж байгаад олны өмнө илтгэл тавьжээ. Хүмүүс ч түүнийг илтгэлээ сайн тавьсан гэж магтаж гарав. Тэр Гэрч яах бол?
14 Бид магтаал сонсох бүрдээ Есүсийн хэлснийг санах хэрэгтэй. Тэрээр: «Та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд, “Бид зохисгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл» гэсэн (Лук 17:10). Түүнээс гадна Хезекиаг санаарай. Тэрээр бардам болмогцоо өөрт нь тусалж байсан Еховад талархаагүй. Тэгвэл бид Еховагийн үзэн яддаг бардам занд дийлдэхгүйн тулд яах вэ? Бидний төлөө юу хийснийг нь эргэцүүлэн бодох нь маш чухал. Бас энэ тухай бусдад ярих нь зүйтэй. Үнэндээ Ехова л бидэнд Библиэ, ариун сүнсээ өгч илтгэл тавих чадвартай болгодог шүү дээ.
ШИЙДВЭР ГАРГАХДАА ХЯНАМГАЙ БАЙХ НЬ
15, 16. Иосиа яагаад амиа алдсан бэ?
15 Одоо Иосиа хааны амьдралаас ямар сургамж авахыг ярилцъя. Сайн хаан байсан тэрээр ялагдаж, амь насаа алдсаны учир юу вэ? (Шастирын дэд 35:20–22-ыг уншина). Иосиа Египетийн хаан Некотой тулалдахаар явдаг. Уг нь Неко тулалдахаар ирээгүй гэдгээ хэлсэн ажээ. Түүний үг «Бурханы амаас гарсан» гэж Библид байдаг. Тэгвэл Иосиа яагаад түүнтэй тулалдсан бэ? Библид энэ талаар байдаггүй.
16 Некогийн үг үнэхээр Еховагийн амнаас гарсан гэдгийг яаж мэдэх вэ? Иосиа үнэнч зөнчдийн нэг Иеремиагаас асуусан бол хэлээд л өгөх байсан (Ш.дэд 35:23, 25). Тэгээд ч Неко Иерусалимын эсрэг явсан юм биш, харин өөр үндэстэнтэй дайтахаар Каршемиш руу явж байжээ. Тэрээр Еховаг ч, ард түмнийг нь ч гутаан доромжлоогүй. Иосиа шийдвэр гаргахаасаа өмнө эдгээр зүйлийг нухацтай бодоогүй нь мунхаг хэрэг байв. Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Ямар нэг асуудлыг шийдэхээсээ өмнө Ехова юу хүсэж байгааг бодож үзэх хэрэгтэй.
17. Ямар нэг асуудлыг шийдэхдээ Иосиагийн алдааг давтахгүйн тулд яах вэ?
17 Аливаа асуудлыг шийдэхдээ Библийн ямар ямар зарчим тус болох, тэдгээрийг хэрхэн баримтлахаа эхлээд бодох хэрэгтэй. Заримдаа ном хэвлэлээс судалгаа хийх юм уу ахлагчдаас зөвлөгөө авах шаардлага гардаг. Бодож үзэх ёстой өөр зарчмуудыг ахлагчид хэлж өгч болох юм. Дараах жишээг ярилцъя. Нэг Гэрч эмэгтэй сайн мэдээ дэлгэрүүлэхээр төлөвлөчихсөн байжээ (Үйлс 4:20). Гэтэл итгэгч бус нөхөр нь түүнийг дэлгэрүүлэх ажилд явуулахыг хүссэнгүй. Нөхөр нь эхнэртээ «Хоёулаа хамт явалгүй удчихжээ. Өнөөдөр цуг гаръя» гэж хэлжээ. Гэрч эмэгтэй зөв шийдвэр гаргахын тулд Библийн зарчмуудыг бодно. Еховад дуулгавартай байх тухай, бас шавь бэлдэх тушаалын тухай бодож үзнэ (Мат. 28:19, 20; Үйлс 5:29). Мөн эхнэр хүний хувьд нөхөртөө захирагдах ёстойгоо санана. Бурхны үйлчлэгчийн хувьд ухаалаг байх хэрэгтэйгээ ч тооцно (Еф. 5:22–24; Тит 2:5). Нөхөр нь эхнэрээ эсэргүүцэж дэлгэрүүлэхийг нь бүрмөсөн хориглосон уу эсвэл зөвхөн тэр өдөр эхнэртэйгээ хамт байхыг хүссэн үү? Бид Бурхны хүсэл таалалд нийцүүлэх хэрэгтэй, мөн ухаалаг байх хэрэгтэй. Ямар ч атугай дүн нуруугаа алдаж болохгүй.
ЕХОВАД БҮХ ЗҮРХЭЭРЭЭ БАЯР ХӨӨРТЭЙ ҮЙЛЧИЛ
18. Иудагийн дөрвөн хааны жишээнээс та ямар сургамж авсан бэ?
18 Бид бас төгс бус учраас Иудагийн энэ дөрвөн хааны гаргасан алдааг заримдаа давтаж магадгүй. 1) Өөртөө найдаж, 2) муу хүмүүстэй нөхөрлөж, 3) бардам болж, 4) Бурхны хүсэл тааллыг харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргаж мэднэ. Ехова энэ дөрвөн хааны сайн талыг олж харсан шигээ бидний сайн талыг бас хардаг гэж бодохлоор хэчнээн сайхан бэ! Бид өөрийг нь хэр их хайрлаж, бүх зүрх сэтгэлээрээ үйлчлэхийг хэр их хүсдэгийг маань ч Ехова мэддэг. Тийм учраас ноцтой алдаа бүү гаргаасай гэсэндээ сануулга өгдөг. Библид бичсэн эдгээр сануулгыг эргэцүүлэн бодож, Еховадаа талархаж явцгаая!