«Яаг магтагтун!» Яагаад?
«ЭЗЭНийг [«Яаг», ШЕ] магтагтун! ... Учир нь магтах нь тааламжтай болон зохистой» (ДУУ. 147:1).
ДУУ: 9, 23
1-3. а) 147-р дууллыг хэдий үед бичсэн байж магадгүй вэ? б) 147-р дууллыг судлахын ач холбогдол юу вэ?
БУРХНЫ үйлчлэгч хүнд байх ёстой зан чанарыг илэрхийлдэг, хариуцсан ажлаа сайн хийдэг нэгнийгээ магтах хүсэл бидэнд төрдөг. Тэгвэл Ехова Бурхнаа магтах хүсэл бүр ч их төрөх нь ойлгомжтой! Гайхамшигт бүтээлийг нь хараад хязгааргүй хүчийг нь бахдаж, Хүүгээ золиос болгон өгснийг нь бодоод агуу хайрыг нь биширдэг. Бурхныг магтах шалтгаан тоймгүй олон байдаг.
2 147-р дууллыг бичсэн хүн Еховаг магтан алдаршуулах оргилуун хүсэлтэй байсан төдийгүй Бурхнаа хамт магтъя гэж хүмүүст уриалжээ (Дуулал 147:1, 7, 12-ыг уншина).
3 Энэ дууллыг хэн бичсэн нь тодорхойгүй. Ехова израйлчуудыг Вавилоноос чөлөөлж Иерусалим руу буцаах тэр үед уг дууллыг бичсэн бололтой (Дуу. 147:2). Ард түмэн нь эх нутагтаа очиж жинхэнэ шүтлэгийг сэргээх болсонд дуулалчийн сэтгэл хөдөлж Ехова Бурхныг магтжээ. Еховаг магтах өөр олон шалтгааныг цааш нь дурдсан. Ямар шалтгаан бэ? «ЭЗЭНийг [«Яаг», ШЕ] магтагтун!» * гэж баярлан хашхирах ямар шалтгаан танд байдаг вэ? (Дуу. 147:1).
ЕХОВА «ЭМТЭРСЭН ЗҮРХТЭЙ ХҮМҮҮСИЙГ АНАГААДАГ»
4. Кореш хаан олзны израйлчуудыг чөлөөлөхөд тэдэнд ямар санагдсан бэ? Яагаад?
4 Вавилончуудад олзлогдсон израйлчуудын санаа сэтгэл ямар байсан бол оо? Вавилончууд тэднийг дооглон тохуурхаж, «Сионы дуунуудаас нэгийг бидэнд дуулаач» хэмээн шаарджээ. Баяр хөөртэй байх гол шалтгаан болсон Иерусалим нь тэр үед эзгүйрчихээд байлаа (Дуу. 137:1–3, 6). Тийм болохоор израйлчууд баяр хөөртэй дуулж чадаагүй. Сэтгэл нь шаналсан тэдэнд тайвшрал хэрэгтэй байв. Бурхан зөгнөн хэлснээрээ ард түмэндээ тусалжээ. Яаж? Персийн хаан Кореш Вавилоныг эзэлснийхээ дараа «Иерусалимд Түүнд зориулан өргөө бариулахаар намайг [Ехова] томиллоо. Түүний бүх хүмүүсээс та нарын дунд байх хэн ч бай, түүний Бурхан ЭЗЭН түүнтэй хамт байж, тэр хүн яваг» гэжээ (Ш.дэд 36:23). Вавилонд байсан израйлчууд үүнийг сонсоод тайвширсан биз ээ!
5. Еховагийн анагаах хүчний талаар дуулалч юу хэлсэн бэ?
5 Ехова израйл үндэстнийг төдийгүй израйл хүн бүрийг тайвшруулсан. Өнөөдөр ч бас тэгдэг. Дуулалч: «Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, тэдний шархыг боодог» гэжээ (Дуу. 147:3). Үнэхээр ч Ехова өвдөж зовсон, сэтгэл нь шаналсан хүн бүрд санаа тавьдаг. Биднийг тайвшруулж, сэтгэлийн шархыг маань эдгээхийн хүслэн болдог (Дуу. 34:18; Ис. 57:15). Тулгараад буй ямар ч гай зовлонг даван туулах хүч, мэргэн ухааныг бидэнд өгдөг (Иак. 1:5).
6. Дуулал 147:4-өөс юу мэдэж болох вэ? (Өгүүллийн эхний зургийг үзээрэй).
6 Дараа нь дуулалч тэнгэр өөд хараад, Ехова «оддыг тоолдог», «тэд бүгдэд нэр өгдөг» гэсэн (Дуу. 147:4). Дуулалч яагаад сэдвээ өөрчилж тэнгэрийн эрхэст анхаарлаа хандуулах болов? Тэрээр оддыг хардаг ч тоог нь мэдэхгүй байлаа. Харин орчин үед хүн төрөлхтөн бүр ч олон од харж чаддаг болсон. Ганцхан Тэнгэрийн заадас галактикт гэхэд л хэдэн тэрбум од байдаг гэж эрдэмтэд үздэг. Гэтэл үүн шиг галактик орчлонт ертөнцөд хэдэн триллион ч байж магадгүй. Үнэндээ хүн төрөлхтөн бүх одыг тоолж чадахгүй! Харин Бүтээгч маань тэдгээрийг тоолоод зогсохгүй бүгдэд нь нэр өгдөг. Ехова од болгоныг хосгүй гэж үздэг гэсэн үг (1 Кор. 15:41). Тэгвэл дэлхий дээр байгаа хүн хэмээх бүтээлийнхээ талаар юу мэддэг бол? Од нэг бүрийн хаана байдгийг мэддэг шигээ таны хаана байгааг, сэтгэл санаа тань ямар байгааг, танд хэзээ юу хэрэгтэй байгааг яг таг мэддэг!
7, 8. а) Ехова бидний юуг ойлгодог вэ? б) Ехова төгс бус хүмүүсийг ойлгож өрөвддөгийг харуулах жишээ хэлнэ үү.
7 Ехова танд санаа тавиад зогсохгүй бэрхшээл зовлонгоо давахад тань туслах чадалтай, өрөвч сэтгэлтэй Бурхан юм (Дуулал 147:5-ыг уншина). Та өөрийгөө дааж давшгүй ачаа үүрч, хэтэрхий хүнд амьдрал туулж байна гэж боддог байж магадгүй. Бурхан «тоос шороо юм гэдгийг» тань санаж, хэр чадлыг тань ойлгодог (Дуу. 103:14). Бид төгс бус учраас нэг алдаагаа дахин дахин давтдаг. Бодлогогүй үг хэлдэг, буруу юм хүсдэг, бусдад атаархдаг. Гэвч дараа нь ямар их харамсдаг билээ! Ехова ийм алдаа гаргадаггүй хэр нь биднийг маш сайн ойлгодог (Ис. 40:28).
8 Хүнд хэцүү үед Ехова хүчирхэг мутраараа хэрхэн тусалдгийг та биеэрээ үзсэн биз ээ (Ис. 41:10, 13). Кёоко гэдэг эхлэгч эмэгтэй шинэ газар томилогдож очоод сэтгэлээр их унажээ. Ехова зовлонг нь ойлгож байгааг Кёоко яаж мэдсэн бэ? Өөрийнх нь зовлонг сайн ойлгож чадах хүн шинэ хуралд нь олон байдгийг анзаарчээ. Ехова түүнд «Би чамайг эхлэгч болохоор чинь л хайрладаг юм биш. Харин надад өөрийгөө зориулсан охин минь учраас би чамд хайртай. Миний Гэрчүүдийн нэг нь байж жаргалтай амьдраарай» гэж хэлэх шиг л санагдсан гэнэ. Ехова зовлонг тань сайн ойлгодгийг та хэрхэн мэдэрсэн бэ?
ЕХОВА ХЭРЭГТЭЙ БҮХНИЙГ БИДЭНД ӨГДӨГ
9, 10. Еховагийн өгдөг хамгийн гол тусламж юу вэ? Жишээ хэлнэ үү.
9 Хүн бүхэнд хоол хүнс, хувцас хунар, гэр орон хэрэгтэй. Идэх хоолгүй болчихвол яана гэж санаа зовох үе танд тохиолдож мэдэх юм. Гэхдээ Ехова дэлхийг бүтээхдээ хоол хүнсээр гачигдахгүй байх бүх нөхцөлийг бүрдүүлсэн. «Гуагалан байгаа залуу хэрээнүүдэд» ч «хоол хүнсийг нь өгдөг» (Дуулал 147:8, 9-ийг уншина). Ехова хэрээнүүдийг тэжээдэг юм бол таныг ч бас тэжээж тэтгэнэ гэдэгт итгээрэй (Дуу. 37:25).
10 Хамгийн гол нь итгэлээ бэхжүүлэхэд хэрэгтэй бүхнийг өгдөг. Бас «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайвныг» өгдөг (Флп. 4:6, 7). Үүнийг Мүцүо болон түүний эхнэр биеэрээ үзжээ. Японд 2011 онд цунами болоход тэд байшингийнхаа дээвэр дээр гарсны хүчинд амьд үлдсэн байна. Харин бусад бүх зүйлээ алджээ. Балгас болсон байшингийнхаа хоёрдугаар давхрын нэг өрөөнд хүйтэн, харанхуй шөнийг өнгөрүүлжээ. Өглөө нь тэд сэтгэл тайвшруулах зүйлийг хайж байгаад ганц ном олсон нь 2006 оны «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном» байлаа. Нээгээд үзтэл «Түүхэн дэх хамгийн аймшигт цунами» гэсэн гарчиг Мүцүогийн нүдэнд шууд тусав. Индонезийн Суматра хотод 2004 онд болсон газар хөдлөлтийн дараа хамгийн олон хүний амийг авч одсон цунамигийн тухай бичжээ. Тэд итгэл нэгтнүүддээ тохиолдсон явдлыг уншаад уйлжээ. Яг хэрэгтэй үед Ехова санаа тавьж, урмыг нь сэргээж байгааг тэр үед мэдрэв. Бас итгэл нэгтнүүдээр нь хоол хүнс, хувцас хунар өгүүлж бие махбодын хэрэгцээг нь хангаж байгааг ойлгожээ. Бурхны байгууллагын төлөөлөгчид хурлыг нь эргэж ирэхэд тэдний итгэл бүр ч их батажсан ажээ. Мүцүо: «Ехова хүн бүрийн хажууд байж, хүн бүрд санаа тавьж байгаа юм шиг санагдсан. Үнэхээр тайвширсан!» гэсэн юм. Бурхан эхлээд итгэлийг бэхжүүлэх зүйлийг өгч, дараа нь бие махбодын хэрэгцээг хангадаг.
БУРХНЫ ТУСЛАМЖИЙГ АВАХ НЬ
11. Бурхнаас тусламж авахын тулд бид ямар байх хэрэгтэй вэ?
11 Ехова «зовогсдыг түшихэд» хэзээд бэлэн байдаг (Дуу. 147:6а). Харин Еховагийн тусламжийг авъя гэвэл бид ямар байх хэрэгтэй вэ? Еховатай дотно байх шаардлагатай. Үүний тулд даруу байж сурах хэрэгтэй (Зеф. 2:3). Даруу хүн Бурханд найддаг. Эргэн тойронд болж буй муу муухай явдлыг Бурхан арилгана, зовлонг дуусгана гэдэгт итгэж хүлээдэг. Ехова ийм даруу хүмүүсийг сайшаадаг.
12, 13. а) Бурхнаас тусламж авъя гэвэл юунаас хол явах хэрэгтэй вэ? б) Ехова ямар хүнийг ивээдэг вэ?
12 Бурхан «хорон муу хүнийг газарт унагадаг» гэснийг анхаараарай (Дуу. 147:6б). Хорон муу хүний тоонд орохыг хэн маань ч хүсэхгүй! Еховагийн үнэнч хайрыг мэдэрч, уурыг нь хүргэхгүй байя гэвэл үзэн яддаг зүйлийг нь үзэн ядах хэрэгтэй (Дуу. 97:10). Жишээ нь бид садар самуун явдлыг үзэн ядах ёстой. Садар самуун явдалд хүргэдэг порно гэх мэтийн бүх зүйлээс хол байна гэсэн үг (Дуу. 119:37; Мат. 5:28). Хэчнээн хэцүү ч хичээгээд байвал Еховагийн ивээлийг хүртэнэ.
13 Гэхдээ ганцаараа тэмцээд амжилт олохгүй. Еховад найдах хэрэгтэй. Өөрийнхөө эсвэл бусдын хүчинд найдвал Еховад таалагдах уу? Ехова «морины хүч чадалд бахддаггүй», «хүний хөлд ч баярладаггүй» (Дуу. 147:10). Тиймээс Еховад байнга залбирч, дутагдлаа засахад туслаач гэж гуйх хэрэгтэй. Дахин дахин гуйхад хүн залхдаг бол Ехова хэзээ ч залхахгүй. «ЭЗЭН Өөрөөс нь эмээгчийг, Өөрийнх нь хайр энэрлийг хүлээгчдийг ивээдэг» (Дуу. 147:11). Ехова үнэнч, хайр халамжтай Бурхан учраас буруу юм хүсэхээ болиход маань заавал тусална.
14. Дуулалч юунд итгэлтэй байсан бэ?
14 Үйлчлэгчид нь зовж зүдрэх үед тусална гэдгээ Ехова амладаг. Израйлчуудыг Иерусалимд буцаж очиход Ехова хэрхэн туслахыг дуулалч боджээ. Тэгээд «Тэр чиний дааман хаалгануудын оньсыг бат бэх болгосон юм. Тэр та нарын дундах хөвгүүдийг чинь ерөөсөн. Тэр танай хил хязгаарт энх тайвныг тогтоодог» хэмээн дуулжээ (Дуу. 147:13, 14). Бурхан үйлчлэгчдээ хамгаалахын тулд хотын хаалгыг бат бэх болгоно гэдгийг мэдээд дуулалчийн санаа хэчнээн их амарсан бол оо!
15-17. а) Бэрхшээл тулгарахад бид заримдаа яадаг вэ? Бурхан Үгээрээ хэрхэн тусалдаг вэ? б) Бурхны үг «маш хурдан тархдагийг» харуулах жишээ хэлнэ үү.
15 Тулгарч буй асуудлаас болоод та санаа зовж болох юм. Гэвч Ехова танд зовлонгоо давах мэргэн ухааныг өгнө. Дуулалч: «Тэр Өөрийн тушаалыг дэлхийд илгээдэг. Түүний үг маш хурдан тархдаг» гэжээ. Дараа нь цас, хяруу, мөндрийн тухай дурдаад «Хэн Түүний жаврыг сөрөн зогсож чадах вэ?» гэж асуусан. Бас «Тэр үгээ илгээж, тэдгээрийг хайлуулдаг» гэж бичжээ (Дуу. 147:15–18). Цас, мөндрийг захирдаг хамгийн хүчтэй, хамгийн ухаантай Бурхан ямар ч саадыг давахад тань тусалж чадна.
16 Өнөөдөр Ехова биднийг өөрийн Үг болох Библиэр удирддаг. «Түүний үг маш хурдан тархдаг» гэж дуулалч хэлсэн. Өөрөөр хэлбэл Ехова хэрэгтэй үед маань тустай зааврыг өгдөг. Библи уншиж, «итгэмжит ухаалаг боолын» өгсөн ном хэвлэлийг судалж, байгууллагынхаа телевизийг үзэж, jw.org саитад орж, ахлагчидтай ярилцаж, итгэл нэгтнүүдтэйгээ уулзаад ямар ач тус хүртсэнээ бодоорой (Мат. 24:45). Ехова удирдамж зааврыг «маш хурдан» өгдгийг та биеэрээ үзсэн биз дээ?
17 Бурхны Үг хэрхэн тусалдгийг Симоон гэдэг эмэгтэй биеэрээ үзжээ. Тэрээр өөрийгөө дутуу үнэлдэг, Бурхны сайшаалыг хүлээх зохистой хүн
гэдэгтээ эргэлздэг байжээ. Гэлээ ч сэтгэлээр унасан үедээ Еховад хандан тусламж хүсэн залбирдаг байв. Бас Библийг нямбай судалдаг байжээ. Симоон: «Еховагийн хүчийг мэдрээгүй тохиолдол нэг ч байхгүй. Ехова намайг хэзээ ямагт удирддаг» гэж хэлсэн юм. Тэрээр одоо харьцангуй өөдрөг хүн болжээ.18. Танд ямар онцгой завшаан олдсон бэ? «Яаг магтагтун!» гэж хашхирах ямар ямар шалтгаан танд байдаг вэ?
18 Ехова ганцхан израйл үндэстнийг сонгож өөрийнхөө ард түмэн болгосныг дуулалч мэддэг байсан. Бурхан зөвхөн энэ үндэстэнд «үг», «зарлиг ба тогтоолуудаа» өгсөн (Дуулал 147:19, 20-ийг уншина). Өнөөдөр Ехова зөвхөн бидэнд нэрээр нь овоглох завшааныг өгсөн билээ. Бурхныг таньж мэдэн, анд нөхөр нь болж, Үгээр нь удирдуулж байгаадаа бид баярладаг. Та ч бас 147-р дууллыг бичсэн хүнийг дуурайн «Яаг магтагтун!» хэмээн хашхирч, бусдыг уриалан дуудмаар байгаа биз дээ?
^ д/м 3 Яа гэдэг нь Ехова гэдэг нэрний товчилсон хувилбар юм.