Уншигчдын асуулт
«Намайг амар тайвныг тогтоох гэж ... ирсэн гэж бүү бод» хэмээн Есүсийн хэлсэн нь ямар утгатай вэ?
Есүс хүмүүст нэг нэгэнтэйгээ эвтэй байхыг заадаг байсан. Гэхдээ нэг удаа шавь нартаа «Намайг амар тайвныг тогтоох гэж дэлхийд ирсэн гэж бүү бод. Амар тайвныг бус илд авчрахаар ирсэн юм. Би хүүг эцгээс нь, охиныг эхээс нь, бэрийг хадмаас нь салгахаар ирсэн юм» гэжээ (Мат. 10:34, 35). Есүс ямар санааг хэлэх гэсэн юм бол?
Мэдээж Есүс нэг гэрийнхнийг дотор нь хагаралдуулах гээгүй. Гэхдээ сургаалаас нь болоод зарим гэр бүл дотор хагарал гарна гэдгийг мэдэж байсан. Тиймээс Христийн дагалдагч болоод баптисм хүртэхийг хүссэн хүн гаргах шийдвэрийнхээ үр дагаврыг ойлгох учиртай байв. Хэрэв итгэгч бус хань юм уу гэрийнхэн нь эсэргүүцвэл үнэнч байж, Христийн сургаалыг дагах нь сорилт болох нь ойлгомжтой.
Библид Христийн дагалдагч хүнийг «бүх хүнтэй эвтэй байхыг» уриалдаг (Ром 12:18). Гэхдээ зарим гэр бүлд хэн нэгэн нь Есүсийн сургаалыг дагадаг болоход бусад нь сургаалыг нь үгүйсгээд зогсохгүй эсэргүүцвэл «илд» авчирсан шиг болно. Ийм нөхцөлд үнэнийг хүлээж авсан хүний хувьд эсэргүүцэж байгаа гэрийнхэн нь «дайсан» нь болдог (Мат. 10:36).
Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд амьдардаг Христийн дагалдагч хүнд Ехова Есүс хоёрыг баярлуулах уу, гэрийнхнийгээ баярлуулах уу гэсэн асуудал тулгардаг. Жишээ нь, итгэгч бус гэрийнхэн нь шашинтай холбоотой баяр ёслол тэмдэглэхийг шаардаж болох юм. Тийм үед хэний сэтгэлд нийцүүлэхээ шийдэх хэрэг гардаг. Есүс: «Эцэг эхээ надаас илүү хайрладаг хэн ч миний шавь байж чадахгүй» гэж хэлсэн (Мат. 10:37). Шавь нь байхын тулд эцэг эхээ өмнөхөөсөө бага хайрлах ёстой гэж Есүс хэлээгүй нь ойлгомжтой. Харин ч амьдралд юуг хамгийн чухалд үзэх ёстойг онцолсон. Итгэгч бус гэрийнхэн Еховаг шүтэхийг эсэргүүцдэг бол бид тэднийгээ хайрладаг ч Бурхныг хайрлах нь илүү чухал гэдгийг ойлгодог.
Гэр бүлийнхэн эсэргүүцэхэд зүрх шимширмээр байдаг. Гэхдээ Есүсийн дагалдагч хүн «Тарчлаах шонгоо үүрч араас минь дагадаггүй хэнийг ч би зохисгүйд тооцно» гэсэн Есүсийн үгийг санаж явах учиртай (Мат. 10:38). Өөрөөр хэлбэл гэр бүлийнхний эсэргүүцлийг Христийн дагалдагч хүнд тохиолддог л зовлон гэж хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ биеэ зөв авч явбал гэрийнхнийхээ сэтгэлийг зөөлөрч Библийн үнэнийг хүлээж авахад нөлөөлнө гэж итгэдэг (1 Петр 3:1, 2).