Skip to content

Гарчиг руу орох

Шилжиж очсон хуралдаа хэрхэн дасах вэ?

Шилжиж очсон хуралдаа хэрхэн дасах вэ?

ТА ХУРАЛ шилжиж байсан уу? Тийм бол Жан-Шарлийн хэлсэн дараах үгтэй санал нийлэх байх. «Гэр бүлээрээ Еховатай тогтоосон харьцаагаа анхаарахын зэрэгцээ шинэ хуралд дасах гэдэг амаргүй». Түүнчлэн шинэ ажил, орон байр олох, бас хүүхдэдээ сургууль хайх хэрэг гарч магадгүй. Түүнээс гадна хатуу ширүүн уур амьсгал, өөр ахуй соёл, дэлгэрүүлэх ажлын шинэ хэсэгт дасах нь амаргүй байж болох юм.

Франц салбараас хурал шилжих томилолт авсан Никола Селин хоёрт өөр бэрхшээл тулгарсан. Тэд: «Эхэндээ их баяр хөөртэй үйлчилж байсан ч удалгүй хуучин найзуудаа үгүйлж эхэлсэн. Бид хоёр шинэ хурлынхантайгаа арай дотносоогүй байсан юм» гэж ярьжээ. Хурал шилжихэд бэрхшээл тулгарах ч хэрхэн баяр хөөртэй, үр бүтээлтэй үйлчлэх вэ? Бусад нь яаж тусалж болох вэ? Шинэ хуралдаа үйлчлээд ямар ач тус хүртэж, мөн хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

ДАСАХАД ТУС БОЛОХ 4 ЗАРЧИМ

Еховад найдах

1. Еховад найдах (Дуу. 37:5). Японд амьдардаг Казүми, нөхрийнх нь ажил шилжсэний улмаас 20 жил үйлчилсэн хурлаасаа явах болсон. Тэрбээр хэрхэн «өөрийн замыг [Еховад] даатгасан» бэ? «Би айж балмагдаж, ганцаардаж, санаа зовж байгаагаа Еховад хэлж дахин дахин залбирсан. Тэгэх бүрд надад шаардлагатай хүч өгч байв» гэж ярьжээ.

Хэрхэн Еховад улам найддаг болох вэ? Ургамал хөрснөөс ус чийг, шим тэжээл авч байж ургадагтай адил итгэл маань бэлгэдлийн ус чийг, шим тэжээл авч байж батажна. Өмнө нь дурдсан Никола, Бурхны хүслийг биелүүлэхийн төлөө олон юмаа золиосолсон Абрахам, Есүс, Паул зэрэг хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодох нь Ехова тусална гэсэн итгэлээ батжуулахад тустайг ойлгосон. Библийг тогтмол бие дааж судалбал амьдралд гарах ямар ч өөрчлөлтийг давахад тус болоод зогсохгүй мэдэж авсан зүйлээрээ шинэ хурлынхныгаа урамшуулах боломжтой.

Харьцуулахгүй байх

2. Харьцуулахгүй байх (Ном. 7:10). Жюль Бенинээс АНУ-д нүүж очоод соёлын том ялгааг анзаарчээ. Тэрбээр: «Би уулзсан хүн болгондоо өөрийнхөө тухай бүх юмаа ярих ёстой юм байна гэж бодсон» гэжээ. Ингэх нь дасаж дадсанаас нь их өөр байсан учраас хурлынхнаасаа хөндийрч эхэлсэн. Гэхдээ ах дүүсээ сайн мэддэг болсноор үзэл бодлоо өөрчилжээ. Тэрбээр: «Дэлхийн хаана ч амьдардаг бай хүн л бол хүн шүү дээ. Өөрсдийгөө илэрхийлэх арга нь л өөр. Байгаагаар нь хүлээж авах нь чухал» гэжээ. Тиймээс тэднийгээ хуучин хурлынхантайгаа бүү харьцуулаарай. Анн-Лиз гэдэг эхлэгч эмэгтэй: «Би орхисон юмаа дахин харах гэж бус, шинэ юмыг олж харахын тулд нүүсэн» гэж ярьжээ.

Ахлагчид ч шинэ хурлаа хуучин хуралтайгаа харьцуулахгүй байх хэрэгтэй. Юмыг өөрөөр хийж байгаа нь буруу гэсэн үг биш. Санаа оноогоо хэлэхээсээ өмнө тухайн нутгийн нөхцөл байдлыг сайн мэдэж авах нь ухаалаг юм (Ном. 3:1, ). Үзэл бодлоо тулгахын оронд үлгэр дуурайл үзүүлээрэй (2 Кор. 1:24).

Хурлын үйл хэрэгт оролцох

3. Хурлын үйл хэрэгт оролцох (Флп. 1:27). Нүүхэд их цаг хүч шаардагддаг ч шинэ хурлынхаа цуглаанд анхнаасаа, боломжтой бол биечлэн суух нь их чухал. Хурлын тань хүмүүс таныг огт хараагүй юм уу хааяа нэг хардаг бол яаж туслах билээ дээ? Өмнөд Африкийн нэг том хотод 2 охинтойгоо нүүж очсон Люсинда: «Бусадтайгаа дэлгэрүүлж, цуглаанд сууж, оролцож хурлынхантайгаа дотносоорой гэсэн зөвлөгөө надад өгсөн. Бид ч манайд дэлгэрүүлэх ажлын цуглаан хийх боломжтойг хэлсэн» гэжээ.

Хурлын ах дүүстэйгээ «мөр зэрэгцэн» үйлчлэх нь «сайн мэдээнд бат итгэсэн хэвээр байхад» их тустай. Ахлагчид дээр дурдсан Анн-Лизэд хурлынхаа бүх хүнтэй дэлгэрүүлэхийг уриалжээ. Зөвлөгөөг дагаад тэрбээр: «Энэ нь итгэл нэгтнүүдтэйгээ дотносох их сайн арга гэдгийг шууд ойлгосон» гэжээ. Бас цуглааны танхим цэвэрлэх, арчилж тордох зэрэг ажилд сайн дураараа оролцдог бол өөриймсөг ханддаг болсноо харуулна. Ийнхүү хурлын үйл хэрэгт оролцох тусам тэд тантай хурдан дотносож, та ч нэг гэр бүлийнхэн гэдгээ мэдэрнэ.

Шинэ найзуудтай болох

4. Шинэ найзуудтай болох (2 Кор. 6:11–13). Хувь хүнд чин сэтгэлээсээ санаа тавих нь найзтай болох хамгийн сайн арга тул цуглааны өмнө юм уу дараа зориуд цаг гарган дөхөж очоод танилцаарай. Нэрийг нь цээжлэхийг хичээгээрэй. Нэрээр нь дуудаж, элэгсэг дотно, харьцахад амар хүн байвал та сайхан найзуудтай болж чадна.

Би ямар харагдах бол гэж бодон ая тал засахын оронд өөрийнхөөрөө л байгаарай. Люсиндаг дуурайгаарай. Тэрбээр: «Би санаачилга гарган хүмүүсийг гэртээ урьдаг байсныхаа ачаар одоо дотнын найзуудтай болсон» гэжээ.

«БИЕ БИЕЭ ХҮЛЭЭН АВ»

Бөөн танихгүй хүнтэй цуглааны танхимд орно гэхээс зарим хүн айж тэвддэг. Тэгэхээр шинээр ирсэн хүмүүсийн төлөө юу хийж болох вэ? Элч Паулын уриалснаар «Христ та нарыг хүлээж авсан шиг бие биеэ хүлээн аваарай» (Ром 15:7). Ахлагчид Христийг дуурайн шилжиж ирсэн хүнийг найрсгаар хүлээн авч баяртай байгаагаа мэдрүүлээрэй. ( «Хурал шилжихэд» гэсэн хавсралтыг үзээрэй). Харин тэдэнд гэртээ байгаа юм шиг санагдахад нь хурлын бүх хүн, хүүхдүүд ч хувь нэмэр оруулж чадна.

 

Бид зочломтгой байж, бас бодитой тусламж үзүүлдэг бол бие биеэ хүлээн авч буй хэрэг юм. Жишээ нь нэг Гэрч эмэгтэй их завгүй ч шилжиж ирсэн хүнд цаг гарган хотоо үзүүлж, нийтийн тээврийн үйлчилгээний талаар мэдээлэл өгчээ. Ийнхүү тусалсан нь тухайн хүний сэтгэлийг хөдөлгөж, шинэ газартаа дасахад нь их тустай байв.

ЕХОВАТАЙ УЛАМ ДОТНОСОХ БОЛОМЖ

Царцаа томрохын хэрээр бүрхүүлээ хэд хэдэн удаа тайлж хаядаг. Тэгээд нисдэг. Үүнтэй адилаар, хурал шилжсэний дараа далавчаа дэлгэн нисэх буюу Еховад бүрэн дүүрэн үйлчилье гэвэл аливаа зовнилоо хаях хэрэгтэй. Никола Селин хоёр: «Нүүх нь сайн сургалт болдог. Шинэ хүмүүс, өөр орчинд дасахын тулд бид сайхан зан чанар хөгжүүлсэн» гэжээ. Дээр дурдсан Жан-Шарль гэр бүлээрээ хэрхэн ач тус хүртсэнээ ингэж ярьсан. «Шинэ хуралд хүүхдүүд маань төлөвшиж, Еховатай улам дотноссон. Хэдхэн сарын дараа охин маань ажлын өдөр болдог цуглаанд даалгавар биелүүлэх болж, хүү маань баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болсон».

Нөхцөл байдлаасаа болж хэрэгцээ ихтэй газар луу нүүх боломжгүй бол яах вэ? Одоо үйлчилж байгаа хуралдаа шинээр нүүж ирсэн гэж бодоод дээр дурдсан зөвлөгөөнүүдээс хэрэгжүүлж болохгүй нь юу билээ? Еховад найдаж, итгэл нэгтнүүдтэйгээ дэлгэрүүлэх төлөвлөгөө гарган хурлын үйл ажиллагааг бүрэн дэмжиж, бас найзуудтайгаа холбоогоо бататгах юм уу шинэ найзуудтай болоорой. Шилжиж ирсэн эсвэл тусламж шаардлагатай хүнд бодитой тусламж үзүүлж чадах уу? Христийн жинхэнэ дагалдагчийн онцлог шинж болох хайрыг илэрхийлснээр та Бурхантай улам дотносох биз ээ (Ёох. 13:35). «Ийм тахил Бурханд таалагддаг» гэдэгт итгэлтэй байж болно (Евр. 13:16).

Бэрхшээл тулгардаг ч Христийн олон дагалдагч шинэ хуралдаа баяр хөөрөө алдалгүй, үр бүтээлтэй үйлчилж чаддаг. Та ч бас чадна! Анн-Лиз: «Хурал шилжсэнээр бусдыг илүү их хайрладаг болсон» гэжээ. «Та нүүвэл өмнө нь мэдэрч байгаагүй Еховагийн дэмжлэгийг авна» гэж Казүми одоо итгэлтэй хэлнэ. Харин Жюль юу гэж хэлсэн бэ? «Шинэ найзуудтай болж гэртээ байгаа юм шиг санагддаг болсон. Маш дотноссон энэ хурлаасаа явна гэдэг санаанд багтахгүй ээ» гэжээ.