ХИЧЭЭЛ 4
Хариуцлага
ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?
Хариуцлагатай хүмүүс хүний итгэлийг алддаггүй. Тэд ажлаа цаг тухайд нь сайн хийж гүйцэтгэдэг.
Хариуцлагатай байхыг хүүхэд хар багаасаа сурч болдог. Нэгэн номд «Ой 3 сартай хүүхэд эцэг эхийнхээ хэлснийг хийдэг. Ой 5 сартай болоод ирэхээрээ эцэг эхийнхээ хийж байгааг дуурайдаг. Олон орны эцэг эхчүүд 5–7 насны хүүхдүүдээ гэрийн ажилд туслуулдаг. Ийм бага насны хүүхэд ч олон ажлыг сайн хийж гүйцэтгэдэг» гэж бичжээ (Parenting Without Borders).
ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Зарим оронд насанд хүрсэн залуучууд бие дааж амьдрах гээд гэрээсээ явдаг. Гэхдээ амьдралын хатуу хөтүүг үзээд ирэхлээрээ аав ээж дээрээ буцаад ирдэг. Яагаад ийм юм болдог вэ? Ихэнхдээ залуучууд мөнгөө зөв зарцуулж сураагүй, амьдралаа авч явах чадваргүй байдаг.
Тийм учраас хүүхдэдээ хариуцлагатай байхыг одооноос заагаарай. Нэгэн номд «Хүүхдээ 18 хүртэл нь бөөцийлж байснаа гэв гэнэт бие дааж амьдардаг болгохыг ямар ч эцэг эх хүсдэггүй» гэж бичсэн байдаг (How to Raise an Adult).
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Гэрийн ажил даалгаарай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Хөдөлмөр бүхэн ашиг авчирна» (Сургаалт үгс 14:23).
Жаахан хүүхэд аав ээждээ туслахдаа дуртай байдаг. Хүүхдийг дуртай байгаа дээр нь гэрийн ажил даалгаж өгөөрэй.
Зарим аав ээж хүүхдээрээ юм хийлгэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл сургуулийн насны хүүхдэд хийх гэрийн даалгавар мундахгүй их байдаг болохоор гэрийн ажил нэмж өгч яах юм бэ гэж тэд боддог.
Гэхдээ гэрийн ажил хийдэг хүүхэд хичээлдээ сайн байдаг. Учир нь ажилсаг хүүхэд ямар ч ажлыг эхэлсэн бол дуусгаж сурдаг. Бас нэгэн номд юу гэж бичсэнийг анхааръя. «Бага насны хүүхдийг гэрийн ажилд туслах гэхэд нь болиулбал өөрсдийнх нь тусламж тийм ч чухал биш юм байна гэж тэд ойлгоно ... Бас бусдаар юмаа хийлгэх гэсэн сэтгэлгээтэй болж эхэлдэг» гэж бичжээ (Parenting Without Borders).
Энэхүү номд бичсэнийг үзвэл гэрийн ажил хийгээд сурчихвал хүүхэд аминч биш, тусч болдог байх нь. Гэрийн ажилд тусалдаг хүүхэд гэртээ чухал үүрэг хариуцлага хүлээдгээ ойлгодог.
Буруу юм хийвэл үр дагаврыг нь заавал амсдагийг ойлгуулаарай.
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Зөвлөгөөг сонсож, сахилгыг хүлээж ав. Тэгвээс амьдралынхаа бүх өдөр мэргэн байх болно» (Сургаалт үгс 19:20).
Хүүхэд хэрэг тарьсан бол жишээ нь, хүний юмыг санаандгүй гэмтээсэн бол хийсэн хэргийг нь нууж болохгүй. Хүүхэд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээж, уучлалт гуйж тэр бүү хэл, хохирлыг нь барагдуулах хэрэгтэй.
Хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүлээдэг бол хүүхэд ...
-
үнэнч шударга байна, буруугаа хүлээнэ
-
бусдыг буруутгахгүй
-
шалтаг тоочихгүй
-
уучлалт гуйна