Гэр бүл, найз нөхөд
Олон хүний хувьд гэр бүл, найз нөхөдтэйгөө сайн харьцаатай байх амаргүй байдаг. Бусадтай сайн харьцаатай байхад туслах Библийн зарим зөвлөгөөг үзье.
ХУВИА ХИЧЭЭХГҮЙ БАЙ
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл» (Филиппой 2:4).
ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Хэн нэгэнтэй сайн харьцаатай байя гэвэл «Би юу хийлгэх вэ?» гэх биш, «Би юу хийж өгч чадах вэ?» гэсэн бодолтой байх хэрэгтэй. Хувиа хичээсэн зан сайн харьцаанд саад болдог. Жишээ нь гэр бүлд хос хоёрын нэг нь хувиа хичээдэг бол ханьдаа үнэнч байж чадахгүй. Бас байгаа юмаараа гайхуулдаг, мэдлэгээрээ онгирдог хүнтэй хэн ч найзалж нөхөрлөхийг хүсэхгүй. Нэгэн номд «Дандаа л өөрийгөө гэдэг хүнээс асуудал салдаггүй» гэж бичжээ (The Road to Character).
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
-
Бусдад туслаарай. Бат бэх нөхөрлөл үнэнч байдал, итгэлцэл дээр бий болдог. Зарим судалгааг харвал, бусдад тусалдаг хүн сэтгэл гутралаас болж зовох нь бага, өөрийгөө үнэлж хүндэлдэг.
-
Бусдыг ойлгоорой. Бусдыг ойлгоно гэдэг хүний зовлонг өөрийнхөө сэтгэл зүрхээр мэдэрнэ гэсэн үг. Ийм хүн, егөөдөж ёжлох, хатуу ширүүн үг хэлэх зэргээр хүний сэтгэлийг өвтгөдөггүй.
Бусдыг ойлгодог хүн бусдад хүлээцтэй ханддаг. Өөр ахуй соёлтой хүнийг алагчилж үзэлгүй найзалж нөхөрлөдөг.
-
Бусдад цаг гаргаарай. Ингэхийн хэрээр бусдыг илүү таньж мэднэ. Сайн найзтай болъё гэвэл тэр хүнийхээ сонирхож байгаа, чухал зүйлийнх нь талаар ярилцах хэрэгтэй. Хүний ярьж байгааг сайн сонсоорой. Бодож санаж
явааг нь анхаарч сонирхоорой. «Найз нөхөдтэйгөө сайхан ярилцдаг хүн илүү жаргалтай байдгийг» саяхны нэгэн судалгаа харуулдаг.
НАЙЗ НӨХРӨӨ ЗӨВ СОНГО
БИБЛИЙН ЗАРЧИМ: «Муутай нөхөрлөвөл сайн зуршил эвдэрдэг» (1 Коринт 15:33).
ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ? Найз нөхөр хүнд сайнаар ч, муугаар ч нөлөөлдөг. Социологичдийн хэлснээр, найз нөхөр хүний амьдралд ихээхэн нөлөөлдөг ажээ. Жишээ нь тамхи татдаг, салж сарнисан хүмүүстэй нөхөрлөдөг бол тамхинд орох, хань ижлээсээ салахыг хүсдэг болж мэдэх юм.
ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ? Өөрийнхөө үнэлж эрхэмлэдэг, дуурайхыг хүсдэг зан чанартай хүнтэй найзалж нөхөрлөөрэй. Жишээ нь, аятайхан харьцаатай, хүнийг хүндэлдэг, өгөөмөр, зочломтгой хүнийг хайж нөхөрлөөрэй.
БИБЛИЙН БУСАД ЗАРЧИМ
ҮГ ЯРИАГААРАА БУСДЫН СЭТГЭЛИЙГ ӨВТГӨХӨӨС БОЛГООМЖЛООРОЙ.
«Илдээр дүрэхтэй адил бодлогогүй ярьдаг хүн байдаг» (СУРГААЛТ ҮГС 12:18).
ӨГӨӨМӨР БАЙГААРАЙ.
«Харамгүй сэтгэлтэн дэвжин дээшилдэг» (СУРГААЛТ ҮГС 11:25).
ӨӨРТӨӨ ЯАЖ ХАНДААСАЙ ГЭЖ ХҮСНЭ, БУСДАД ТИЙН ХАНДААРАЙ.
«Өөрт тань яаж хандаасай гэж хүснэ, өөрөө ч мөн бусдад тийнхүү ханд» (МАТАЙ 7:12).