ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ
Юунаас эхлэх хэрэгтэй вэ?
Библийг яаж уншвал ач тусыг нь хүртэх вэ? Олон хүнд үр өгөөжөө өгсөн таван арга байдаг.
Тохиромжтой орчинг бүрдүүлээрэй. Чимээгүй орчин олохыг хичээгээрэй. Уншиж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд саад болох зүйлээ багасгах хэрэгтэй. Мөн гэрэл сайтай, цэвэр агаартай орчинд уншвал үр дүнтэй.
Зөв үзэлтэй байгаарай. Библи бол тэнгэрийн Эцгийн маань өгсөн бэлэг юм. Тиймээс эцэгтээ дуулгавартай хүүхэд шиг байвал Библи уншихын ач тусыг үзнэ. Библийн тухай таагүй бодлоо орхин Бурхнаар заалгаарай (Дуулал 25:4).
Уншихаасаа өмнө залбираарай. Библийг Бурхан бичүүлсэн учраас ойлгож уншихын тулд түүнээс л тусламж авах хэрэгтэй. Бурхан «Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс» өгөхөө амладаг (Лук 11:13). Бурхны үзэл бодлыг ойлгоход тэр л хүч танд тусална. Аажимдаа та ариун сүнсний ачаар «Бурханы гүн юмсыг ч» ухаардаг болно (1 Коринт 2:10).
Ойлгоё гэсэн сэтгэлтэй байгаарай. Хурдан уншиж дуусгах зорилгоор битгий уншаарай. Харин юу уншиж байгаагаа сайтар эргэцүүлж бодоорой. Дараах асуултыг өөрөөсөө асууж болно. «Энэ хэсэгт гарч байгаа хүн ямар зан чанар илэрхийлж байна бэ? Би амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ?»
Тодорхой зорилго тавьж уншаарай: Амьдралаа жинхэнэ ёсоор сайжруулах зорилгоор Библи уншвал ач тусыг нь хүртэнэ. Дараах зорилгыг тавьж болох юм: «Би Бурхны тухай илүү ихийг мэдмээр байна, илүү сайн хүн болмоор байна, илүү сайн нөхөр болмоор байна, илүү сайн эхнэр болмоор байна». Тэгээд энэ зорилгодоо хүрэхэд тань туслах Библийн хэсгийг сонгож уншаарай. a
Библи уншиж эхлэхэд тань дээрх таван арга тус болно. Гэхдээ Библийг илүү шимтэн уншъя гэвэл яах хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээс уншаарай.
a Энэ тухай, Библийн аль хэсгээс сонгож уншихаа та сайн мэдэхгүй байвал Еховагийн Гэрчүүдэд хандана уу. Тэд танд дуртайяа тусална.