ЗАЛБИРЛАА ГЭЭД АШИГТАЙ ЮУ?
Залбирлын ач тус юу вэ?
Хүн нэг юманд зорихдоо «Энэ надад ямар ашигтай вэ?» гэж боддог. Залбирах нь надад ямар ашигтай вэ гэж бодвол хувиа хичээсэн болох уу? Тийм байх албагүй. Ямар ашигтайг нь бодох нь зүйн хэрэг. Иов гэдэг сайхан сэтгэлтэй хүн: «Хэрэв би түүнийг дуудвал, тэрбээр надад хариулах болов уу?» гэж асуужээ (Иов 9:16, ШЕ).
Өмнөх өгүүллүүдээр, залбирал бол зүгээр нэг шашны зан үйл юм уу эмчилгээний арга биш гэдгийг мэдэж авсан. Жинхэнэ Бурхан залбирлыг сонсдог. Бид зөв аргаар, зөв зүйлийг гуйн залбирвал анхааран сонсоно. Өөртэй нь дотносохыг Бурхан бидэнд уриалдаг (Иаков 4:8). Тэгвэл, залбирлыг амьдралынхаа нэгээхэн хэсэг болговол ямар ач тустай вэ? Заримыг нь авч үзье.
Сэтгэл санаа тайван байна
Амьдралын янз бүрийн асуудал бэрхшээл тулгарахад та санаа зовж яахаа мэдэхээ байдаг уу? Тэгвэл «тасралтгүй залбирч», «хүсэлтээ Бурханд мэдүүлээрэй» (1 Тесалоник 5:17; Филиппой 4:6). Бурханд хандан залбирвал «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь ... [бидний] зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» (Филиппой 4:7). Тэнгэрийн Эцэгтээ санаа зовж байгаа зүйлээ уудалбал харьцангуй тайван байна. Бурхан бидэнд тайван байхыг уриалдаг. Дуулал 55:22-т: «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө» гэж бий.
«Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө» (Дуулал 55:22).
Дэлхий дахинд олон хүн ийм амар тайвныг эдэлдэг. Хи Ран гэдэг солонгос эмэгтэй: «Их ноцтой асуудал тулгарсан ч би залбирдаг. Тэгээд
тайвширч, тэвчих хүчтэй болдог» гэжээ. Филиппинд амьдардаг Сэсилиа: «Би охидынхоо төлөө, бас ээжийнхээ төлөө их санаа зовдог. Ээж маань өвчнөөсөө болоод намайг танихаа байсан. Гэхдээ би залбирдгийнхаа ачаар өдөр тутам юманд бага санаа зовдог. Ехова надад тусална гэдэгт би итгэдэг» гэж ярьжээ.Хүнд хэцүү үед ч тайван, сэтгэлийн тэнхээтэй байна
Та гүн стресст орсон уу? Эсвэл бүр амь насанд тань аюул учирсан юм уу золгүй явдал тохиолдсон уу? «Бүх тайвшралын Бурханд» залбирвал санаа сэтгэл уужирна. Библид Бурхныг «аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай» гэсэн байдаг (2 Коринт 1:3, 4). Есүс гүнээ шаналж байхдаа «өвдөг сөгдөөд» залбирч байсан. «Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа» (Лук 22:41, 43). Бурхнаас авсан ажлыг нь зогсоох гэсэн хорон санаатай хүмүүсээс Нехемиа гэдэг үнэнч хүн айж байв. Тэрбээр: «Бурхан, миний гарыг тэнхрүүлээч» хэмээн залбирчээ. Бурхны ачаар Нехемиа айдсаа ялан, ажлаа амжилттай дуусгасныг дараа нь болсон үйл явдлаас мэдэж болно (Нехемиа 6:9–16). Ганад амьдардаг Рэжиналд залбираад ямар ач тус хүртсэн тухайгаа ийн ярьжээ. «Хэцүү үедээ бүр ч залбирдаг. Бурханд залбирахлаар өөрт маань тусалж чадах нэгэнд хамаг асуудлаа ярьж байгаа юм шиг, надад битгий ай гэж хэлээд байх шиг санагддаг». Үнэхээр ч Бурханд залбирахлаар тайвширдаг.
Бурхны мэргэн ухаан
Гаргадаг шийдвэрийн маань зарим нь алсдаа бидэнд, бидний дотны хүмүүст нөлөөлдөг. Асуудлыг зөв шийдэхийн тулд яах хэрэгтэй вэ? Библид «Та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, [сорилтод орсон үедээ] бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно» гэж байдаг (Иаков 1:5). Мэргэн ухаан гуйж залбирвал Бурхан агуу хүчээрээ удирдаж зөв шийдвэр гаргахад тусална. Есүс: «тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж баттай хэлсэн учир агуу хүчийг нь гуйн залбирах учиртай (Лук 11:13).
Есүс хүртэл чухал шийдвэр гаргах үедээ Эцгээсээ тусламж гуйж байсан. 12 хүнийг элчээ болгон сонгохдоо «бүхэл шөнийг Бурханд залбирсаар өнгөрөөв» хэмээн Библид тэмдэглэжээ (Лук 6:12).
Есүсийн адилаар олон хүн, шийдвэр гаргахдаа Бурхнаас тусламж гуйдаг. Залбиралд нь хариулж байгааг ойлгоод санаа амарсан байна. Филиппинд амьдардаг Режинад янз бүрийн асуудал тулгарчээ. Нөхөр нь нас барж, өөрийгөө болон ар гэрээ тэжээх хэрэгтэй болов. Ажилгүй болж, хоёр хүүхэд өсгөхөд хэцүү байв. Цаашдаа яахаа шийдэхэд юу тус болсон бэ? Тэрбээр «Зөв шийдвэр гаргахад туслаач гэж залбираад л байсан» гэжээ. Ганад амьдардаг Квабена барилгын компанид цалин сайтай ажилтай байв. Ажлаа алдаад Бурхнаас тусламж гуйн залбирчээ. Өөр ямар ажилд орж болохоо тооцож үзээд «Зөв шийдвэр гаргахад минь туслан удирдаач гэж би Еховад тасралтгүй залбирсан». Тэрбээр цааш нь «Ехова надад тусалсан. Би сайн ажил олсон. Бурхандаа ч үйлчлээд өөрийгөө ч болгоод явж чадаж байна» хэмээн ярьсан юм. Бурхантай тогтоосон харьцаанд хамаатай зүйлийн талаар залбирвал Бурхан таныг залж чиглүүлнэ.
Залбирлын ач тусаас цөөн хэдийг энд дурдлаа (Өөр ямар ач тустайг «Залбирлын ач тус» гэсэн булангаас үзнэ үү). Эдгээр ач тусыг хүртье гэвэл Бурхантай танилцаж, хүсэл тааллыг нь мэдэх хэрэгтэй. Хүсвэл та Еховагийн Гэрчүүдэд хандаж болно. * Тэд тантай Библи судалж «залбирлыг сонсдог Нэгэн» болох Еховад ойртоход тань тусална (Дуулал 65:2). ▪
^ д/м 14 Илүү ихийг мэдэхийг хүсвэл www.mr1310.com/mn сайт руу орох юм уу доор дурдсан хаягийн аль нэгээр Еховагийн Гэрчүүдэд хандана уу.