Skip to content

ГЭР БҮЛД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨГӨӨ | ОХИД ЗАЛУУС

Уураа барьж сурах нь

Уураа барьж сурах нь

ЮУ БОЛДОГ ВЭ?

«Би нэг удаа эгчдээ аймаар уурлаад хаалгаа хүчтэй саваад гарсан юм. Дараа нь харсан чинь хаалганы ард байдаг өлгүүрийн ором ханан дээр гарчихсан байсан. Тэр ормыг харах болгондоо хүүхэд шиг тэнэг зан гаргаснаа санадаг»—Даяан. a

«Би аавд уурлан “Таныг үзэн ядаж байна!” гэж орилоод хаалгаа тас савж билээ. Миний хэлсэн үг аавыг минь ямар их шархлуулж байгааг царайнаас нь тэрхэн зуур олж харсан юм. Цаг хугацааг ухрааж болдог ч болоосой, үгээ буцаагаад авчих юм сан гэж шууд л бодогдсон»—Лорен.

Лорен, Даяан хоёрт тохиолдсон явдал танил санагдаж байна уу? Тийм бол энэ өгүүлэл чамд тус болно.

ЮУ МЭДЭХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Уурандаа дийлдвэл нэр нүүрээ барна шүү. 21 настай Бриана: «Би угаасаа ууртай юм чинь хүмүүс намайг байгаагаар минь л хүлээж авах ёстой гэж би урьд нь боддог байлаа. Гэтэл биеэ барьж чаддаггүй хүн тэнэг харагддагийг анзаарсан юм. Тэгээд “Яана аа, би бас бусдад ингэж харагддаг байсан юм байна” гэж бодогдсон» хэмээн ярьжээ.

Библид ингэж байдаг: «Түргэн зантай хүн мунхаг үйлийг үйлддэг» (Сургаалт үгс 14:17).

Галт уул дэлбэрэхэд хүмүүс дайжин зугтдаг, ууртай хүнээс ч мөн адил

Уурлаад байвал хүмүүс чамаас зугтана. «Уурандаа дийлдвэл нэр хүндээ алдана. Эргэн тойрны чинь хүмүүс ч чамайг тоохоо болино» гэж 18-тай Даниел ярьжээ. Түүнтэй чацуу Илэйн бас ингэж боддог аж. Тэрбээр: «Ааш муутай хүн сайхан харагдахгүй. Харин ч хүмүүсийг айлгадаг» гэж ярьсан.

Библид ингэж байдаг: «Уур хилэнд баригдсан хүнтэй болон түргэн зантай хүнтэй бүү нийл» (Сургаалт үгс 22:24).

Чи өөрчлөгдөж чадна. 15 настай Сара: «Уур хүрмээр юм хааяа гардаг л даа. Тийм үед дандаа зайлсхийгээд байж чадахгүй шүү дээ. Харин сэтгэл санаагаа яаж илэрхийлэхээ тухайн хүн өөрөө шийдэж чадна. Заавал уурлах албагүй» гэжээ.

Библид ингэж байдаг: «Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос дээр. Сүнсээ захирдаг хүн хотыг эзлэгчээс дээр» (Сургаалт үгс 16:32).

ЯАХ НЬ ЗҮЙТЭЙ ВЭ?

Зорилго тавь. «Би угаасаа л ийм хүн» гэхийн оронд өөрийгөө тодорхой хугацааны дотор өөрчлөх зорилго тавьж болно шүү дээ. Жишээ нь, 6 сар хичээгээд үзэж болох юм. Тэр хугацаанд ямар явцтай байгаагаа тэмдэглээрэй. Уурандаа дийлдэх болгондоо 1) юу болсныг, 2) тэр үед яаснаа, 3) яасан бол илүү дээр байсныг бас яагаад гэдгээ бичээрэй. Тэгээд илүү дээр гэж бодсон тэр аргаа уур хүрсэн үедээ хэрэглэх зорилго тавиарай. Амжилтаа бичихээ ч бүү мартаарай! Уураа барьж чадсан үед төрсөн сайхан мэдрэмжээ бичээрэй.—Библийн зарчим: Колосай 3:8.

Хариу өгөх гэж бүү яар. Хэн нэгэн хүн эсвэл ямар нэгэн юмнаас болоод уур хүрвэл санаанд орсон болгоноо шууд хэлэх хэрэггүй. Хүлээсэн нь хавьгүй дээр. Гүнзгий амьсгал аваад нэг үзээрэй. 15 настай Эрик: «Гүнзгий амьсгал авахлаар бодох цаг гардаг. Тийм болохоор харамсах зүйл хэлэх юм уу хийхгүй байж чаддаг» гэжээ.—Библийн зарчим: Сургаалт үгс 21:23.

Олон талаас нь хар. Заримдаа асуудлын нэг л талыг буюу чамайг эмзэглүүлээд байгаа зүйлийг бодоод байвал уур чинь хүрч болох юм. Олон талаас нь харахыг хичээгээрэй. Жессика гэдэг бүсгүй: «Хүмүүс заримдаа бүдүүлэг зан гаргадаг л даа. Гэхдээ цаана нь ямар нэгэн шалтгаан байж л таараа гэж бодохлоор тэднийг ойлгоход амар байдаг» хэмээн хэлжээ.—Библийн зарчим: Сургаалт үгс 19:11.

Зүгээр л орхи. Библид «Хэрсүү хүн хорон мууг олж хараад, түүнээс зайлдаг» гэж байдаг (Сургаалт үгс 22:3). Хэрүүл гарах гээд байвал зүгээр л орхиод явах нь хамгийн сайн арга болохыг энэ зүйлээс мэдэж болно. Болсон явдлыг байнга бодоод байвал улам л уур хүрнэ. Тэгэхийн оронд өөртөө тустай зүйлийг хийгээрэй. «Дасгал хийхлээр стресс тайлагдаж, уур уцаар ч дарагддаг» гэж Даниеллэ охин хэлсэн юм.

Битгий тоо. Библид «Уурласан ч нүгэл бүү үйлд. Нар жаргахаас өмнө уурлахаа боль» гэж байдаг (Эфэс 4:26). Уур хүрэхэд буруу юм байхгүй. Харин дараа нь юу болох вэ гэдэг нь л гол асуудал юм. Ричард гэдэг залуу: «Хэн нэгэнд уураа гаргаж байна гэдэг бол тэр хүнд толгойгоо мэдүүлж байна л гэсэн үг. Жоохон хүүхэд шиг зан гаргахын оронд тоохгүй өнгөрөөж яагаад болохгүй гэж?» хэмээн ярьжээ. Ингэдэг бол уур чамайг биш, чи уураа захирна.

a Энэ өгүүлэлд гарсан зарим нэрийг өөрчлөв.