Skip to content

Гарчиг руу орох

«Сүнс болон сүйт бүсгүй: „Ирээрэй“ гэнэ»

«Сүнс болон сүйт бүсгүй: „Ирээрэй“ гэнэ»

«Сүнс болон сүйт бүсгүй: „Ирээрэй“ гэнэ»

«Сүнс болон сүйт бүсгүй: „Ирээрэй“ гэнэ. ... Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг» (ИЛЧ. 22:17).

1, 2. Хаанчлал бидний амьдралд ямар байр эзлэх ёстой вэ? Яагаад?

 ХААНЧЛАЛ бидний амьдралд ямар байр эзлэх ёстой вэ? Есүс дагалдагчдадаа Хаанчлалыг эхлээд хайхыг уриалж, хэрэв тэгэх аваас Бурхан хэрэгтэй бүхнээр нь хангана гэдгийг батлан хэлсэн байдаг (Мат. 6:25–33). Тэрбээр Бурхны Хаанчлалыг маш үнэтэй ширхэг сувдтай зүйрлэхдээ, худалдаачин тийм сувд олбол «өөрт байсан бүхнээ зарж түүнийг авна» гэжээ (Мат. 13:45, 46). Тэгэхлээр бид Хаанчлалын тухай дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажлыг хамгийн чухал гэж үзэх ёстой бус уу?

2 Дэлгэрүүлэх ажил хийхдээ зоригтой ярьж, Бурхны Үгийг чадварлаг ашигладаг бол Бурхны сүнсээр удирдуулж байгаагийн шинж гэдгийг өмнөх хоёр өгүүллээр үзсэн билээ. Энэ сүнс Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцоход ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ тухай одоо үзье.

Хүн бүрд зориулсан урилга!

3. Бүх хүнийг ямар ус руу «ирэхийг» урьж байна вэ?

3 Хүн бүрд урилга тараах ажил ариун сүнсний тусламжтайгаар явагдаж байна (Илчлэлт 22:17-г уншина уу). Энэ бол «ирээрэй», цангасан хүн тусгай усаар цангаагаа тайлаарай гэсэн урилга юм. Ус гэдэг нь устөрөгчийн хоёр атом, хүчилтөрөгчийн нэг атомаас тогтсон жирийн ус биш ээ. Ус дэлхий дээрх амьдралыг тэтгэдэг хэдий ч, Есүс худгийн дэргэд самари эмэгтэйтэй ярихдаа өөр усны тухай бодож байсан. Тэрбээр: «Миний өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй. Харин Миний өгөх ус тэр хүний дотор мөнх аминд хүртэл оргилох булаг болно» гэж хэлжээ (Иох. 4:14). Хүмүүсийг, мөнхийн амь өгөх ер бусын уснаас уухаар ирэхийг урьж байна.

4. Амийн ус хэрэгтэй болсны учир юу вэ? Амийн ус гэж юу вэ?

4 Анхны хүн Адамыг эхнэр Еватайгаа хамсан, өөрсдийг нь бүтээсэн Ехова Бурханд дуулгаваргүй болох тэр үед амийн усны хэрэгцээ шаардлага анх гарч иржээ (Эх. 2:16, 17; 3:1–6). Бурхан Адамыг «гараа сунган, бас амийн модны жимснээс авч идээд, мөнх наслах вий» хэмээгээд анхны хосыг гэр нь болсон цэцэрлэгээс хөөжээ (Эх. 3:22). Хүн төрөлхтний өвөг Адам хожим нь үр хүүхдэдээ үхлийг өвлүүлсэн (Ром 5:12). Амийн ус гэдэг нь дуулгавартай хүмүүсийг нүгэл, үхлээс чөлөөлж, диваажин дэлхийд мөнхийн, төгс амьтай болгохын тулд Бурхны авсан бүх арга хэмжээ бөгөөд тэр бүхний үндэс нь Есүс Христийн золиос юм (Мат. 20:28; Иох. 3:16; 1 Иох. 4:9, 10).

5. Ирж, «амийн усыг үнэгүй ав» гэсэн урилгыг анх хэн санаачлан гаргасан бэ? Тайлбарлана уу.

5 Ирж, «амийн усыг үнэгүй ав» гэсэн урилгыг анх хэн санаачлан гаргасан бэ? Амийн ус буюу хүн төрөлхтнийг мөнх амьтай болгохын тулд Есүсээр дамжуулан авсан бүх арга хэмжээ Христийн мянган жилийн засаглалын үед ач тусаа бүрэн өгөх бөгөөд энэхүү арга хэмжээг Библид «талст мэт гялалзсан амийн усны гол» гэж нэрлэдэг. Энэ гол «Бурханы болон Хурганы сэнтийнээс» урсаж байгаагаар гардаг (Илч. 22:1). Тиймээс амийн усны Эх булаг бол Амь Өгөгч Ехова юм (Дуу. 36:9). Тэрбээр «Хурга» Есүс Христийн ачаар амийн усыг бий болгосон (Иох. 1:29). Бэлгэдлийн гол нь Адамын дуулгаваргүйгээс болж хүн төрөлхтнийг нэрвэсэн хор уршгийг арилгах Еховагийн арга хэрэгсэл юм. Тэгэхлээр, «ирээрэй» хэмээсэн урилгыг Ехова Бурхан анх санаачлан гаргажээ.

6. «Амийн усны гол» хэзээнээс урсаж эхэлсэн бэ?

6 «Амийн усны гол» Христийн Мянган жилийн засаглалын үед бүрэн утгаараа урсах боловч «Хургыг» 1914 онд тэнгэрийн хаан ширээнд залрахад эхэлсэн «Эзэний өдөр» анх урсжээ (Илч. 1:10). Тиймээс хүмүүсийг мөнх амьтай болгохоор Еховагийн авсан зарим арга хэмжээний ач тусыг тэр үеэс эхлэн хүртэх боломжтой болсон. Бурхны Үг Библид агуулагдаж буй мэдээ энэ арга хэмжээний нэг юм. Учир нь Библийн мэдээг «ус»-тай зүйрлэдэг (Еф. 5:26). «Амийн усыг ... авах» буюу Хаанчлалын тухай сайн мэдээг сонсож, хүлээн авах боломж бүх хүний өмнө нээлттэй байгаа. Тэгвэл Эзний өдрөөр энэ урилгыг хэн тарааж байна вэ?

«Сүйт бүсгүй» «Ирээрэй» гэнэ

7. «Эзэний өдөр» хэн анх «Ирээрэй» гэсэн урилга тараасан бэ? Хэнд тараасан бэ?

7 Сүйт бүсгүйн ангийн гишүүд болох сүнсээр тослогдсон христианууд анх «ирээрэй» гэсэн урилга тараасан. Хэнд? «Ирээрэй» гэж өөртөө хэлээгүй нь ойлгомжтой. Тиймээс «Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайны» дараа дэлхий дээр мөнх амьдрах найдвартай хүмүүст энэ үгээ хэлсэн хэрэг юм (Илчлэлт 16:14, 16-г уншина уу).

8. Тослогдсон христианууд 1918 оноос Еховагийн урилгыг тарааж эхэлсэн нь юунаас харагддаг вэ?

8 Христийн тослогдсон дагалдагчид 1918 оноос урилга тарааж эхэлжээ. Мөн онд «Одоо амьдарч байгаа олон сая хүн хэзээ ч үхэхгүй байж болох юм» гэсэн сэдэвтэй илтгэл тавьж, олон хүн Хармагедоны дараа диваажин дэлхийд амьдарна гэсэн итгэл найдвар өгчээ. 1922 онд АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнт хотноо болсон Библи Судлаачдын чуулганд тавьсан илтгэлээр «Хаан болон түүний хаанчлалыг тунхаглахыг» сонсогчдод уриалжээ. Энэ уриалга сүйт бүсгүйн ангийн үлдэгсдийг илүү олон хүнд урилга тараахад нь түлхэц болсон. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1929 оны 3 дугаар сарын 15-ны дугаарт Илчлэлт 22:17-д үндэслэсэн, «Нигүүлсэнгүй сэтгэлийн урилга» гэсэн сэдэвтэй өгүүлэл нийтлэгджээ. Уг өгүүлэлд: «Тослогдсон үнэнч үлдэгсэд Хамгийн Дээд Нэгэнтэй хамтран нигүүлсэнгүй сэтгэлийн урилга тарааж, „Ирээрэй“ хэмээн хэлдэг. Энэ мэдээг зөвт байдал ба үнэнийг хүсдэг хүмүүст тунхаглах учиртай. Үүнийг одоо хийх ёстой» гэж бичжээ. Сүйт бүсгүйн анги одоо хүртэл урилга тарааж байна.

«Сонсогч нь: „Ирээрэй“ гэж хэлэг»

9, 10. Урилга авсан хүмүүс бусдыг бас «Ирээрэй» гэж урих хэрэгтэйг юу харуулдаг вэ?

9 «Ирээрэй» гэсэн урилгыг сонссон хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Тэднийг ч бас «Ирээрэй» гэж хэлэхийг уриалсан. Жишээ нь, «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1932 оны 8 дугаар сарын 1-ний дугаарын 232-р хуудсанд: «Тослогдогсод хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцох бүх хүнд урам өгөх нь зүйтэй. Тэд Эзний мэдээг тунхаглахын тулд тослуулах шаардлагагүй. Хармагедоныг эсэн мэнд давж, дэлхийд мөнх амьдрах найдвартай хүмүүст амийн усыг хүргэж өгөх зөвшөөрөлтэй гэдгээ одоо мэдэх нь Еховагийн гэрчүүдийн хувьд асар их тайвшрал юм» гэж бичжээ.

10 «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1934 оны 8 дугаар сарын 15-ны дугаарын 249-р хуудсанд урилгыг сонссон хүмүүс бусдыг «Ирээрэй» гэж урих үүрэгтэйг онцлон: «Ионадабын ангийн гишүүд бэлгэдлийн Иехүгийн ангийн гишүүд буюу тослогдогсдыг даган, Еховагийн тослогдсон гэрчүүд биш ч гэсэн хаанчлалын тухай мэдээ тунхаглах ёстой» гэжээ. Илчлэлт 7:9–17-д гардаг «үй олон хүн» гэж хэн болох нь 1935 онд тодорхой болсноор Бурхны урилгыг тараах ажил улам эрчимжсэн. Тэр цагаас хойш, тоо нь өсөн нэмэгдсээр, эдүгээ долоон сая давсан жинхэнэ шүтэгчид урилгыг дуртайяа хүлээн авсан. Тэд мэдээг талархан сонсоод, Бурханд өөрсдийгөө зориулан, баптисм хүртэж, сүйт бүсгүйн ангитай нийлэн, «амийн усыг үнэгүй авах» урилгыг идэвхтэй тарааж байна.

«Сүнс» «Ирээрэй» гэдэг

11. МЭ І зуунд ариун сүнс дэлгэрүүлэх ажилд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

11 Есүс Назар хотын синагогт сургаал айлдаж байхдаа зөнч Исаиагийн номыг дэлгэн, «Эзэний Сүнс Над дээр байна. Учир нь сайн мэдээг ядууст дэлгэрүүл гэж Тэр Намайг тосолсон юм. Тэр Намайг илгээсэн нь олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтанд байгсдыг чөлөөлөхийн сацуу, мөн Эзэний тааламжит жилийг тунхаглахын тулд болой» хэмээн уншсаныхаа дараа энэ үг өөрт нь хамаатайг зааж: «Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ» хэмээн айлджээ (Лук 4:17–21). Есүс тэнгэрт гарахаасаа өмнө шавь нартаа: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, ... энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» гэж хэлсэн (Үйлс 1:8). МЭ І зуунд ариун сүнс дэлгэрүүлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн.

12. Орчин үед урилга тараах ажилд Бурхны сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

12 Тэгвэл орчин үед Бурхны ариун сүнс урилга тараах ажилд ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ? Ариун сүнсний Эх булаг Ехова сүнсээрээ сүйт бүсгүйн ангийн гишүүдийн ухаан хийгээд зүрхний мэлмийг нээн, Библийг ойлгуулдаг. Сүнс тэднийг Диваажин дэлхийд мөнх амьдрах ирээдүйтэй хүмүүст урилга тараан, Библийн үнэнийг тайлбарлах хүсэлтэй болгодог. Урилгыг хүлээн аваад Есүс Христийн шавь болж, бусдад бас урилга тараадаг хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Сүнс тэдэнд ч бас адилхан нөлөө үзүүлдэг. Тэд «Ариун Сүнсний нэрээр» баптисм хүртэн, энэ сүнсээр удирдуулдаг бөгөөд сүнсний тусламж байдаг гэдэгт итгэдэг (Мат. 28:19). Тослогдогсод болон үй олон хүний дэлгэрүүлдэг мэдээний тухай бодоод үзье. Энэ мэдээ Бурхны сүнсний нөлөөгөөр бичигдсэн Библи гэдэг номд байдаг. Тэгэхлээр урилга тараах ажил ариун сүнсний тусламжтайгаар явагддаг гэсэн үг. Үнэндээ бид тэр сүнсээр удирдуулдаг. Тэгвэл урилга тараах ажилд хэр олон цаг зарцуулах ёстой вэ?

Тэд «Ирээрэй» гэж хэлсээр байна

13. «Сүнс ба сүйт бүсгүй: „Ирээрэй!“ гэж үргэлж хэлдэг» гэдэг үгнээс юу ойлгож болох вэ?

13 «Сүнс ба сүйт бүсгүй» «Ирээрэй» гэж нэг л удаа хэлээгүй. Грек эхэд энэ үг үргэлжилсэн үйлдлийг заадаг. Тийм учраас, «Шинэ ертөнцийн орчуулга»-д: «Сүнс ба сүйт бүсгүй: „Ирээрэй!“ гэж үргэлж хэлдэг» хэмээн хөрвүүлсэн байдаг. Энэ нь Бурхны урилгыг тогтмол тараадгийг зааж байгаа юм. Урилгыг сонсоод, хүлээн авсан хүмүүсийн талаар юу хэлж болох вэ? Тэд ч бас «Ирээрэй» гэж хэлдэг. Бурхныг жинхэнэ ёсоор шүтдэг үй олон хүнийг Еховагийн «сүм дотор өдөр шөнөгүй» үйлчилдэг гэж хэлсэн байдаг (Илч. 7:9, 15). Өдөр шөнөгүй үйлчилдэг гэдгийг юу гэж ойлгох вэ? (Лук 2:36, 37; Үйлс 20:31; 2 Тесалоник 3:8-ыг уншина уу). Нас өндөр болсон зөнч эмэгтэй Анна, элч Паул нарын жишээнээс үзвэл, энэ нь дэлгэрүүлэх ажилд нөр хичээл зүтгэл гарган, тогтмол оролцдог гэсэн санаа юм.

14, 15. Шүтлэгийн үйл хэрэгт тогтмол оролцохын чухлыг Даниел хэрхэн харуулсан бэ?

14 Зөнч Даниел бас шүтлэгийн үйл хэрэгт тогтмол оролцохын чухлыг харуулсан (Даниел 6:4–10, 16-г уншина уу). Тэрбээр арслангийн нүхэнд хаягдах аюул тулгараад байхад ч «урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа» Бурханд залбирдаг сүнслэг хэвшлээ ганц сар ч өөрчлөөгүй. Үүнийг ажигласан хүмүүс Еховаг тогтмол шүтэхээс илүү чухал юм байхгүйг тодорхой ойлгосон биз ээ! (Мат. 5:16).

15 Даниелыг арслангийн нүхэнд нэг шөнийг өнгөрүүлсний дараа хаан өөрөө тэнд хүрч очоод, «Амьд Бурханы зарц Даниел аа. Чиний үргэлж үйлчилдэг Бурхан чамайг арслангаас аварч чадав уу?» хэмээн асуухад Даниел: «Хаантан минь, мөнх насалтугай! Миний Бурхан тэнгэр элчээ илгээж, арслангуудын амыг тагласан бөгөөд арслангууд надад хор учруулсангүй. Харин ч би Түүний өмнө гэмгүйд тооцогдож, бас хаан минь, танд ямар ч гэм хийгээгүй» гэж хариулдаг. Ехова Даниелыг «үргэлж үйлчилдгийнх» нь төлөө ивээсэн (Дан. 6:19–22).

16. Даниелын жишээнээс үүдээд дэлгэрүүлэх ажилд оролцохтой холбоотой ямар ямар асуулт урган гардаг вэ?

16 Даниел сүнслэг хэвшлээ эвдсэнээс амиа алдахыг илүүд үзсэн. Тэгвэл бид ямар вэ? Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг тасралтгүй тунхаглахын тулд юугаа золиосолдог вэ? Эсвэл юугаа золиослоход бэлэн байдаг вэ? Хүмүүст Еховагийн тухай нэг сар ч ярихгүй байж болохгүй! Тиймээс хамаг боломжоо дайчлаад, дэлгэрүүлэх ажилд долоо хоног бүр оролцож болохгүй гэж үү? Биеийн эрүүл мэнд муугаас болоод сард арван тавхан минут дэлгэрүүлсэн байлаа ч үүнийгээ тайланд бичих хэрэгтэй. Яагаад гэвэл, сүнс ба сүйт бүсгүйтэй хамт «Ирээрэй» гэж хэлэх хүсэл бидний дотор буцалж байдаг. Тийм ээ, бид Хаанчлалын тухай мэдээг тогтмол тунхагладаг байхын тулд чадах бүхнээ хийхийг хүсдэг.

17. Еховагийн урилгыг тараах ямар ямар боломжийг орхигдуулах ёсгүй вэ?

17 Еховагийн урилгыг зөвхөн албан ёсоор дэлгэрүүлэх ажилд оролцохдоо бус, бас бусад үед олдсон боломж бүрийг ашиглан тараах хэрэгтэй. Тухайлбал, дэлгүүрээс юм авахдаа, аяллаар явж байхдаа, амралтаараа, ажил дээрээ, хичээл сургуульдаа явж байхдаа цангасан хүмүүсийг урьж, «Ирээрэй», «амийн усыг үнэгүй аваарай» гэж хэлнэ гэдэг бол үнэхээрийн завшаантай хэрэг юм! Эрх мэдэлтнүүд дэлгэрүүлэхийг хориглосон ч бид айлаар дэлгэрүүлэх аргаа өөрчлөх юм уу албан бусаар түлхүү дэлгэрүүлэх зэргээр энэ ажлаа анхаарал болгоомжтой үргэлжлүүлдэг.

«Ирээрэй» гэж үргэлж хэлэгтүн

18, 19. Та Бурхны хамтран зүтгэгч байх завшаанаа эрхэмлэдгээ хэрхэн харуулдаг вэ?

18 Сүнс ба сүйт бүсгүй амийн усаар цангасан хүн бүрд «Ирээрэй» гэж ер гаруй жил хэлж байна. Та тэдний урилгыг сэтгэл хөдлөн сонсож байсан биз дээ? Тэгвэл бусад хүмүүст ч бас энэ урилгыг тараахыг уриалж байна.

19 Еховагийн хайр шингэсэн энэ урилгыг хэдий болтол тараахыг бид мэдэхгүй ч үүнийг хүлээн авч, «Ирээрэй» хэмээн хэлж байгаагаараа Бурхны хамтран зүтгэгчид болдог (1 Кор. 3:6, 9). Юутай завшаан бэ! Энэ завшаанаа эрхэмлэдгээ харуулж, тогтмол дэлгэрүүлэн, Бурханд «магтаалын тахилыг үргэлж өргөцгөөе» (Евр. 13:15). Дэлхийд амьдрах найдвартай бид сүйт бүсгүйн ангитай хамт «Ирээрэй» гэж үргэлж хэлцгээе. Улам олон хүн «амийн усыг үнэгүй авах» болтугай!

[Давтах асуулт]

• «Ирээрэй» гэсэн урилгыг хэнд тараадаг вэ?

• «Ирээрэй» гэсэн урилгыг анх Ехова санаачлан гаргасан гэхийн учир юу вэ?

• «Ирээрэй» гэсэн урилгыг тараахад ариун сүнс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

• Тогтмол дэлгэрүүлэхийг хичээх хэрэгтэйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[Хүснэгт/16-р хуудасны зураг]

(Хэвлэгдсэн материалаас үзнэ үү)

«Ирээрэй» гэж үргэлж хэлэгтүн

1914

5 100 дэлгэрүүлэгч

1918

Диваажин дэлхийд амьдрах хүн олон

1922

«Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун»

1929

«Ирээрэй!» гэсэн урилга тараах ажил тослогдогсдоор хязгаарлагдаагүй

1932

Тослогдсон үнэнч христиануудын үлдэгсэд «Ирээрэй» гэж хэлдэг

1934

Сайн мэдээ дэлгэрүүлэхийг Ионадабын ангид уриалсан

1935

«Үй олон хүн» тодорхой болсон нь

2009

7 313 173 дэлгэрүүлэгч