Skip to content

Гарчиг руу орох

Өөрөө тайвширч, өрөөлийг тайвшруулцгаая

Өөрөө тайвширч, өрөөлийг тайвшруулцгаая

Бид бүгдээрээ төгс бус учир өвддөг. Зарим нь бүр хүнд өвчин тусдаг. Ийм зовлон бэрхшээлийг яаж давах вэ?

Хүнд хэцүү үеийг даван туулахад гэр бүлийнхэн, найз нөхөд, итгэл нэгтнүүдийн үзүүлдэг тус дэмийг үнэлж баршгүй.

Найз нөхдийн маань хэлсэн чин сэтгэлийн аядуу зөөлөн үг сэтгэл сэргээж тайвшруулдаг (Сур. 16:24; 18:24; 25:11). Гэхдээ жинхэнэ христианууд бид амин хувиа хичээж өөрсдөө л тайвшрахыг боддоггүй. Харин ч санаачилга гарган «Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулдаг» (2 Кор. 1:4; Лук 6:31). Мексикт дүүргийн харгалзагчаар үйлчилдэг Антонио энэ үгийн үнэнийг биеэрээ үзжээ.

Антонио лимфома гэдэг цусны хорт хавдартай болсноо мэдээд ихэд хямарчээ. Гэлээ ч тайван байх гэж чадах бүхнээ хийсэн байна. Хаанчлалын дуу цээжилж, дуулж, үгийг нь эргэцүүлэн боддог байв. Бас чанга залбирч, Библи уншихлаараа их тайвширдаг байжээ.

Гэхдээ итгэл нэгтнүүд үнэхээр тус болдгийг Антонио ойлгожээ. Тэрбээр: «Эхнэр бид хоёр сэтгэл хямарсан үедээ ахлагчаар үйлчилдэг хамаатнаа гэртээ ирүүлж, залбируулдаг байсан. Ингэхлээр үнэхээр тайвширч тайтгардаг байсан» гээд цааш нь «Гэр бүлийнхэн, итгэл нэгтнүүдийнхээ дэмээр сэтгэлийн зовлонгоо дорхноо мартдаг байсан» гэж ярьсан юм. Антонио өөрийг нь хайрлаж халамжилдаг ийм сайхан найз нөхөдтэйдөө баярласан нь лавтай!

Өвдөж шаналсан үед тус болдог өөр нэг зүйл бол ариун сүнс юм. Элч Петр Бурхны ариун сүнсийг «бэлэг» гэсэн байдаг (Үйлс 2:38). МЭ 33 оны Пентекостын өдөр олон хүн тослогдож энэ бэлгийг авчээ. Ариун сүнсийг өнөөгийн бид ч авах боломжтой. Дуусаж дундаршгүй энэ бэлгийг Бурхнаас тасралтгүй гуйж болохгүй нь юу билээ? (Ис. 40:28–31).

ЗОВЖ ШАНАЛСАН ХҮМҮҮСТ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ САНАА ТАВЬЦГААЯ

Элч Паул хүнд бэрх зовлон амсаж явсан. Тэр байтугай, амиа алдах шахжээ (2 Кор. 1:8–10). Тэглээ гээд хэтэрхий их санаа зовж айж түгшээгүй. Бурхан тусалж дэмждэгийг мэдэрдэг учир тайвширдаг байсан. Паул: «Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэр бол өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн» хэмээн бичжээ (2 Кор. 1:3, 4). Паул өөрийгөө өрөвдөж арчаагаа алдаагүй. Зовж зүдрэхийн хэрээр хүний зовлонг ойлгож, хэрэгтэй үед нь бусдыг тайвшруулж сурчээ.

Антонио эдгэж, явуулын харгалзагчаар дахин үйлчлэх болсон аж. Урьд нь итгэл нэгтнүүддээ байнга санаа тавьдаг байсан тэрбээр өвчтэй хүмүүсийг эргэж тойрч, сэтгэлийн дэм өгөхийг одоо бүр ч их анхаардаг болжээ. Жишээлбэл, хүнд өвчин туссан итгэл нэгтнийдээ эхнэртэйгээ хоёулаа очоод, цуглаандаа явах хүсэлгүй болсныг нь анзаарчээ. Антонио: «Тэр хүн Еховад болон итгэл нэгтэндээ хайргүй болсондоо бус, өвчиндөө шаналаад л сэтгэл санаагаар унаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж үздэг болсон» гэж ярьсан юм.

Антонио тэр хүнийг хэрхэн тайвшруулсан бэ? Хамт цаг өнгөрөөхөөр нэгнийдээ цугласан үедээ өнөөх Гэрчээс залбираач гэж гуйсанд өөрийгөө голсон ч залбирахаар болжээ. Антонио: «Тэр Гэрч ямар сайхан залбирсан гэж санана! Түүнээс хойш тэс өөр хүн болж, өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ ойлгосон» гэжээ.

Бид бүгдээрээ л их бага хэмжээгээр зовлон амсдаг. Гэхдээ Паулын хэлснээс үзвэл зовж шаналсан хүн хэрэгтэй үед нь бусдыг тайвшруулж чаддаг ажээ. Тиймээс итгэл нэгтнүүдийнхээ зовлонг ойлгож, Ехова Бурхнаа дууриан тэднийгээ тайвшруулцгаая.