Skip to content

Гарчиг руу орох

Хаанчлал захираад 100 жил боллоо. Та яах вэ?

Хаанчлал захираад 100 жил боллоо. Та яах вэ?

«Бурхан минь, Таны үйлс агуу бөгөөд гайхалтай. Үндэстнүүдийн [«Мөнхийн», ШЕ] Хаан Таны замууд зөвт бөгөөд үнэн» (ИЛЧ. 15:3).

1, 2. Бурхны Хаанчлал юу хийх вэ? Хаанчлал ирнэ гэдэгт бид яагаад итгэдэг вэ?

 МЭ 31 оны хавар Есүс Христ Капернаумын ойролцоох ууланд байхдаа «Таны хаанчлал ирэх болтугай» хэмээн залбирч байхыг дагалдагчдадаа заажээ (Мат. 6:10). Бурхны Хаанчлал ирэх эсэхэд эргэлздэг хүн олон. Харин бид Хаанчлал ирээсэй гэж чин сэтгэлээсээ залбирдаг. Залбиралд маань Бурхан хариулна гэдэгт итгэдэг.

2 Ехова тэнгэр газар дээрх гэр бүлээ Хаанчлалын тусламжтайгаар нэгтгэнэ. Энэ санаа зорилго нь гарцаагүй биелнэ (Ис. 55:10, 11). Ехова аль хэдийн Хаан болж, олон сая үйлчлэгчийнхээ төлөө агуу бөгөөд гайхалтай үйлс бүтээж байгааг өнгөрсөн 100 жилийн сэтгэл хөдөлгөм үйл явдал баталдаг (Зех. 14:9; Илч. 15:3). Гэхдээ Хаан болсон гэдэг нь Бурхны Хаанчлал ирсэн гэсэн үг биш юм. Энэ хоёр үйл явдал ямар ялгаатай вэ? Бидэнд ямар хамаатай вэ?

ЕХОВАГИЙН ТОМИЛСОН ХААН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЭЛСЭН НЬ

3. а) Есүс хэзээ Хаан болсон бэ? Хаанаас захирч эхэлсэн бэ? б) Хаанчлал 1914 онд байгуулагдсаныг та хэрхэн батлах вэ? (Зүүлтийг үзнэ үү).

3 2 500 жилийн өмнө Даниел: «Тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулна» хэмээн зөгнөжээ. Үүнийг Бурхны үйлчлэгчид XIX зууны сүүлээр ойлгож эхэлсэн (Дан. 2:44). 1914 онд онцгой үйл явдал болохыг Библи Судлаачид хэдэн арван жил тунхаглажээ. Тэр үед олон хүн ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж байсныг нэгэн зохиолч: «1914 он хүн төрөлхтний хувьд найдвар, амлалтаар дүүрэн он байсан» хэмээн бичсэн байдаг. Гэтэл тэр оны сүүлээр Библийн зөгнөл биелж, дэлхийн І дайн дэгдсэн. Дараа нь өлсгөлөн, газар хөдлөлт, тахал болж Библийн бусад зөгнөл биелсэн. Энэ нь Есүс Христ 1914 онд Бурхны Хаанчлалын Хаан ширээнд заларч тэнгэрээс захирч эхэлсний баталгаа байлаа. * Ехова Хүүгээ Хаан болгон өргөмжилсөн нь, нэг ёсондоо, өөрөө Хаан болсон хэрэг байсан юм!

4. Есүс Христ хаан ширээнд залармагцаа ямар үйл ажиллагаа явуулсан бэ? Дараа нь яасан бэ?

4 Есүс Христ хаан ширээнд залармагцаа тэнгэр элчүүдийнхээ хамт Эцгийнхээ гол Дайсан Сатантай тулалджээ. Тэгээд Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөсөн. Үүний ачаар тэнгэрт үлэмж баяр хөөр болжээ. Харин дэлхийд урьж хожид байгаагүй их гамшиг нүүрлэв (Илчлэлт 12:7–9, 12-ыг уншина уу). Дараа нь Есүс юу хийсэн бэ? Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд нь туслах зорилгоор дэлхий дэх үйлчлэгчдээ цэвэршүүлж, сургаж, зохион байгуулж эхэлсэн. Тэд Есүсийн зааврыг дуулгавартай дагасан нь өнөөгийн бидэнд ямар сайхан жишээ болдгийг энэ өгүүллээр үзье.

МЕССИА ХААН ҮНЭНЧ АЛБАТУУДАА ЦЭВЭРШҮҮЛДЭГ

5. 1914 оноос 1919 оны эхэн хүртэл ямар цэвэрлэгээ хийсэн бэ?

5 Есүс Христ Сатан болон чөтгөрүүдийг зайлуулж тэнгэрийг цэвэрлэсэн. Дараа нь Ехова түүнд дэлхий дэх үйлчлэгчдийнхээ сүнслэг байдлыг шалгаж, цэвэршүүлэх үүрэг оноосон. Зөнч Малахи үүнийг алт мөнгийг цэвэршүүлэхтэй зүйрлэжээ (Мал. 3:1–3). Цэвэршүүлэх ажил 1914 онд эхэлж 1919 оны эхээр дууссаныг түүх харуулдаг. * Бид Еховагийн өнөр гэр бүлийн гишүүн байхын тулд цэвэр ариун байх учиртай (1 Петр 1:15, 16). Хуурамч шашин, улс төрийн нөлөөнөөс ангид байх ёстой.

6. Есүс бидэнд сүнслэг хоолыг хэрхэн өгдөг вэ? Сүнслэг хоолноос хүртэх нь хэр чухал бэ?

6 Хаан Есүс эрх мэдлийнхээ хүрээнд «итгэмжит ухаалаг боолыг» томилжээ. Тэд Есүсийн «нэг хонин сүрэгт» багтдаг бүх хүнд сүнслэг хоолыг тогтмол өгөх учиртай аж (Мат. 24:45–47; Иох. 10:16). Тослогдсон эрчүүдээс бүрддэг жижиг бүлэг 1919 оноос хойш «зарц нарыг» тэжээх хариуцлагатай ажлыг үнэнчээр хийж байна. Биднийг сүнслэг хоол ундаар элбэг дэлбэг хангадаг учир итгэл бэхэждэг. Бас ёс суртахуун, бодол санаа, бие махбодын хувьд болон сүнслэгээр цэвэр байдаг. Түүнчлэн Библийн боловсрол эзэмшиж, дэлхий дээр явагдаж буй хамгийн чухал ажилд оролцох чадвартай болдог. Та сүнслэг хоолноос тогтмол хүртдэг үү?

ДЭЛХИЙ ДАЯАР ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ ХИЙЛГЭХЭЭР АЛБАТУУДАА СУРГАДАГ

7. Есүс дэлхий дээр байхдаа ямар чухал ажлыг эхлүүлсэн бэ? Энэ ажил хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

7 Есүс дэлхий дэх үйлчлэлээ эхлэхдээ «Би Бурханы хаанчлалыг өөр хотуудад бас тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ» хэмээн хэлжээ (Лук 4:43). Тэрбээр Хаанчлалыг тунхаглах ажлыг гурван жил хагасын хугацаанд хийсэн бөгөөд үүнийг амьдралынхаа гол зорилго болгосон юм. Шавь нартаа «Та нар явахдаа „Тэнгэрийн хаанчлал ойрхон байна“ гэж тунхаглагтун» хэмээн захижээ (Мат. 10:7). Дагалдагчид нь сайн мэдээг «энэ дэлхийн хязгаар хүртэл» түгээн дэлгэрүүлэхийг Есүс амилсныхаа дараа зөгнөсөн (Үйлс 1:8). Энэ чухал ажлыг «үеийн төгсгөл хүртэл» дэмжихээ амлажээ (Мат. 28:19, 20).

8. Хаан Есүс дэлхий дэх албатуудаа дэлгэрүүлэх ажилд оролцохыг хэрхэн хөхүүлэн урамшуулсан бэ?

8 1919 он гэхэд «Хаанчлалын ... сайн мэдээний» утга өөрчлөгдсөн (Мат. 24:14). Мессиа Хаан тэнгэрээс захираад эхэлчихсэн байсан. Дэлхий дэх албатуудаа сүнслэгээр цэвэршүүлээд жижиг бүлэг болгон цуглуулж, тэнгэрт байгуулагдсан Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүл гэсэн тушаал өгчээ. Тэд ч уг тушаалыг дуулгавартай дагасан! (Үйлс 10:42). Жишээ нь, 1922 оны 9 дүгээр сард АНУ-ын Охайо мужийн Сидар Пойнт хотноо болсон олон улсын чуулганд 20 000 шахам хүн оролцжээ. Ж. Ф. Рутерфорд «Хаанчлал» гэсэн сэдэвтэй илтгэл тавьж, «Харагтун, Хаан захирч байна! Та нар Хааны төлөөлөгчид мөн. Тиймээс Хаан болон түүний хаанчлалыг тунхаглагтун, тунхаглагтун, тунхаглагтун» хэмээн хэлэхэд сонсогчдын сэтгэл ямар их хөдөлсөн бол оо! Тэднийг төлөөлж 2 000 хүн «Дэлгэрүүлэх өдөр» хэмээх тусгай хөтөлбөрт оролцон, чуулган болж байсан газраас 72 километр хүртэл явж айлаар дэлгэрүүлжээ. Уг хөтөлбөрт оролцсон нэг эрэгтэй: «Хаанчлалыг тунхаглах уриалга үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Уриалгыг олон хүн идэвхтэй дэмжсэнийг би хэзээ ч мартахгүй!» гэжээ. Ингэж бодсон хүн олон байсан.

9, 10. а) Дэлгэрүүлэгчдийг хэрхэн сургадаг вэ? б) Энэ сургалт танд ямар ач тустай байдаг вэ?

9 1922 он гэхэд 17 000 гаруй дэлгэрүүлэгч 58 улс оронд сайн мэдээ түгээж байжээ. Гэхдээ тэднийг сургах шаардлагатай байлаа. Еховагийн томилсон Хаан юуг, хаана, яаж дэлгэрүүлэх тодорхой зааврыг нэгдүгээр зууны шавь нартаа өгсөн билээ (Мат. 10:5–7; Лук 9:1–6; 10:1–11). Орчин үед ч мөн ялгаагүй. Хаанчлалыг тунхаглах ажилд оролцдог бүх хүнийг удирдан чиглүүлдэг. Үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд тустай багаж хэрэгслээр хангадаг (2 Тим. 3:17). Хаан Есүс христиан хурлаар дамжуулан харьяат албатуудаа сургаж байна. Дэлхий даяар 111 000 гаруй хуралд Дэлгэрүүлэгчийн сургуулийн хөтөлбөр хэрэгжүүлдэг нь тэднийг сургах нэг арга юм. Эдүгээ 7 сая гаруй дэлгэрүүлэгч энэ сургуульд суралцаж байна. «Бүх хүнд» сайн мэдээ хүргэхийн тулд яах ёстойг, яаж үр өгөөжтэй заахыг энэ сургуулиас мэдэж авдаг (1 Коринт 9:20–23-ыг уншина уу).

10 Дэлгэрүүлэгчийн сургуулиас гадна ахлагч, эхлэгч, ганц бие эрчүүд, христиан хосууд, Салбарын хорооны гишүүд, явуулын харгалзагчдад зориулсан сургуулиуд бий. * Христиан хосуудад зориулсан Библийн сургуульд суралцсан оюутнууд: «Бид энэ сургуульд суралцсанаар Еховаг улам их хайрладаг болж, бусдад туслах илүү сайн арга мэдэж авсан» хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлжээ.

11. Хаанчлалыг тунхаглагчид эсэргүүцэл хавчлагатай тулгардаг ч дэлгэрүүлэх ажлаа ямар учраас зогсолтгүй хийж ирсэн бэ?

11 Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлж, Библийн үнэнийг заах ажил хэр өргөн далайцтай өрнөж байгааг Сатан зүгээр хараад суудаггүй. Энэ агуу ажлыг зогсоохын тулд Хаанчлалын тухай мэдээг эсэргүүцэх, үнэнийг гуйвуулах, дэлгэрүүлэгчид рүү шууд довтлох юм уу зальжин аргаар урхидахыг оролддог. Гэхдээ Сатан хэзээ ч амжилт олохгүй. Ехова Хүүгээ «бүх засаг захиргаа, эрх мэдэл, хүч, ноёрхлоос» дээгүүр тавьсан (Ефес 1:20–22). Хаан Есүс, Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлэхийн тулд шавь нараа хамгаалж, удирддаг. * Сайн мэдээ тунхаглагдсаар байгаа бөгөөд чин сэтгэлтэй олон сая хүн Еховагийн тухай заалгаж байна. Энэ агуу ажилд оролцоно гэдэг ямар их нэр төрийн хэрэг вэ!

ИЛҮҮ АГУУ АЖЛЫН ТӨЛӨӨ АЛБАТУУДАА ЗОХИОН БАЙГУУЛДАГ

12. Хаанчлал байгуулагдсанаас хойш зохион байгуулалтын ямар арга хэмжээ авсан бэ?

12 1914 онд Есүс Христ хаан ширээнд заларснаас хойш Бурхны байгууллагын дэлхий дэх хэсгийн зохион байгуулалтыг улам сайжруулсаар ирсэн. Ингэснээр харьяат албатууд нь Еховагийн хүсэл тааллыг эмх журамтай биелүүлэх юм (Исаиа 60:17-г уншина уу). 1919 онд хурал бүрд үйлчлэлийн удирдагч томилж, дэлгэрүүлэх ажлыг удирдуулах болжээ. Ням гариг бүр айлаар дэлгэрүүлэх ажлыг 1927 онд зохион байгуулсан. Хаанчлалыг дэмжигчид 1931 онд Еховагийн Гэрчүүд гэдэг Библийн үндэстэй нэртэй болж, илүү ихийг хийх урам зориг нь бадарчээ (Ис. 43:10–12). Хуралд хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүдийг олонхын саналаар сонгодог байсан бол 1938 онд Библийн зарчмын дагуу томилдог болсон. 1972 оноос эхлэн хурлыг нэг хүн бус, ахлагчдын зөвлөл удирддаг болжээ. Шаардлага хангасан бүх эрчүүдэд «Бурханы хонин сүргийг хариулах» зорилго тавихыг уриалсан (1 Петр 5:2). 1976 онд Удирдах Зөвлөл дэлхий дахинд өрнөж буй Хаанчлалын үйл хэргийг удирдуулахаар 6 хороо байгуулсан. Мессиа Хаан албатуудаа теократ аргаар буюу Бурхны удирдлагаар үе шаттайгаар зохион байгуулж байна.

13. Есүс хаан ширээнд заларснаасаа хойших 100 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүхэн таны амьдралыг хэрхэн өөрчилсөн бэ?

13 Есүс хаан ширээнд заларснаасаа хойших 100 жилийн хугацаанд ямар ажил хийж гүйцэтгэснийг бодоод үзье. Хүмүүсийг Еховагийн нэрийн төлөө цэвэршүүлсэн. Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг 239 оронд удирдан явуулж, олон сая хүнд Еховагийн тухай зааж байна. Эцгийнх нь хүсэл тааллыг сайн дураараа биелүүлэхээр амьдралаа зориулсан 7 сая гаруй хүнийг нэгтгэсэн (Дуу. 110:3). Мессиагийн Хаанчлалын тусламжтайгаар хийж буй Еховагийн ажил үнэхээр агуу бөгөөд гайхалтай. Бүр ч их сэтгэл хөдөлгөм үйл явдал биднийг хүлээж байна!

МЕССИАГИЙН ХААНЧЛАЛ ИРЭЭДҮЙД ЮУ ХИЙХ ВЭ?

14. а) «Таны хаанчлал ирэх болтугай» гэж залбирдаг маань ямар учиртай вэ? б) 2014 оны уриа юу вэ? Яагаад оновчтой гэж хэлж болох вэ?

14 Ехова Есүс Христийг 1914 онд Мессиа Хаанаар өргөмжилсөн нь «Таны хаанчлал ирэх болтугай» гэсэн залбиралд бүрэн хариулсан хэрэг биш юм (Мат. 6:10). Есүс «өөрийн дайснуудын дунд захирна» гэж Библид зөгнөсөн байдаг (Дуу. 110:2). Сатаны эрхшээлд байдаг хүний засгийн газрууд Хаанчлалыг одоо ч эсэргүүцэж байна. Бурхны Хаанчлал ирээсэй гэж залбирдаг маань ямар учиртай вэ? Есүс болон түүнтэй хамт тэнгэрээс захирах хүмүүс засгийн газруудыг устгаасай, Хаанчлалыг эсэргүүцдэг бүхнийг газрын хөрснөөс арчаасай хэмээн Бурхнаас гуйж байна гэсэн үг. Энэ үйл явдал болоход Даниел 2:44-т бичсэн зөгнөл биелнэ. Тэнд Бурхны Хаанчлал «тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөнө» гэж байдаг. Хаанчлалыг эсэргүүцдэг засгийн газрууд устгагдах ажээ (Илч. 6:1, 2; 13:1–18; 19:11–21). Энэ цаг тун удахгүй. Тэгэхлээр, Матай 6:10-т «Таны хаанчлал ирэх болтугай» хэмээснийг Бурхны Хаанчлал тэнгэрт байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй 2014 оны уриа болгон авсан нь оносон хэрэг юм!

2014 оны уриа: «Таны хаанчлал ирэх болтугай» (Матай 6:10)

15, 16. а) Мянган жилийн засаглалын үед сэтгэл хөдөлгөм ямар үйл явдал болох вэ? б) Мессиа Хаан эцэст нь юу хийх вэ? Тэр үед юу болох вэ?

15 Мессиа Хаан дайснуудаа устгаад Сатан болон чөтгөрүүдийг ёроолгүй гүнд хаяж 1 000 жил хорино (Илч. 20:1–3). Ийнхүү Сатаны муу нөлөө байхгүй болно. Хаанчлал Есүсийн золих тахилын ач тусыг хүмүүст хүртээж, Адамын үйлдсэн нүглийн хор уршгийг арилгана. Булшинд нойрсож буй тоо томшгүй олон сая хүнийг Хаан Есүс амилуулж, Еховагийн тухай заах боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ (Илч. 20:12, 13). Дэлхий тэр чигээрээ Еден цэцэрлэг шиг диваажин болж, үнэнч хүмүүс бүгдээрээ аажмаар төгс болно.

16 Христийн засаглалын 1 000 жил дуусахад дэлхийн талаарх Еховагийн санаа зорилго биелнэ. Дараа нь Есүс Хаанчлалыг Эцэгтээ буцааж өгнө (1 Коринт 15:24–28-ыг уншина уу). Ехова болон дэлхий дэх хүүхдүүдийнх нь хооронд зууч хэрэггүй болно. Тэнгэр газар дээрх бүх хүүхэд нь Бурхан Эцгийнхээ өнөр гэр бүлд нэгдэнэ.

17. Та Хаанчлалын төлөө юу хийхээр шийдсэн бэ?

17 Ехова эрх мэдлээ ямагт хэрэгжүүлдэг бөгөөд дэлхийн талаарх санаа зорилго нь биелнэ гэдгийг Хаанчлал захирч эхэлснээс хойших 100 жилийн хугацаанд болсон сэтгэл хөдөлгөм үйл явдал баталдаг. Тиймээс үнэнч албат нь байж, Хаан болон Хаанчлалыг тунхаглаж явцгаая. «Таны хаанчлал ирэх болтугай» хэмээсэн чин сэтгэлийн залбиралд маань Ехова удахгүй хариулна гэдэгт бүрэн итгэлтэй байцгаая!

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 9-р сарын 15-ны дугаарын 13–17-р хуудсанд нийтлэгдсэн «Бурхны олгодог боловсрол Еховагийн хайрын илрэл» гэсэн өгүүлэл үзнэ үү.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2012 оны 8-р сарын 15-ны дугаарын 17-р хуудсанд нийтлэгдсэн өгүүллээс «Шүүхийн тавцанд байгуулсан ялалт» гэсэн хэсгийг уншаарай.