Skip to content

Гарчиг руу орох

Зовлон удахгүй дуусна!

Зовлон удахгүй дуусна!

Гэмт хэрэг, дайн дажин, өвчин эмгэг гардаггүй, байгалийн гамшиг тохиолддоггүй нийгэмд амьдарна гээд бод доо! Өглөө бүрийг сэтгэл тайван угтаж, ялгаварлах үзэл, дарамт шахалт, санхүүгийн хямрал гэж зовохгүй, санаа амар байна гээд төсөөл дөө! Амьдралаас тасархай, дэндүү сайхан үг байна гэж санагдаж байна уу? Ийм нийгмийг нэг ч хүн, хүний байгуулсан ямар ч байгууллага бий болгож чадахгүй нь үнэн. Өмнөх өгүүллээр та бидний ярилцсан зовлонгийн шалтгааныг Бурхан арилгахаа амласан. Чухам юу гэж амласныг Үг нь болох Библиэс мэдэж авъя.

САЙН ЗАСАГЛАЛ ТОГТОНО

«Хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Даниел 2:44).

Бурхны Хаанчлал бол тэнгэрийн засгийн газар юм. Бурхан Хаанчлалынхаа Тэргүүнээр Есүс Христийг сонгосон. Есүс Христ хүний бүх засаглалыг халах бөгөөд Бурхны хүсэл тааллыг тэнгэрт биелж байгаа шиг нь газар дээр биелүүлнэ (Матай 6:9, 10). Энэ засгийн газрыг хүний ямар ч засаглал халж солихгүй юм. Учир нь «бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн ... хаанчлал» «мөнх» байж, амар тайвныг үүрд тогтооно (2 Петр 1:11).

ХУУРАМЧ ШАШИН ҮГҮЙ БОЛНО

«Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг. ... Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно» (2 Коринт 11:14, 15).

Хуурамч шашин Диаволын үйлс мөн болох нь илчлэгдэж, устгагдана. Хүмүүс шашнаас болж бие биеэ ялгаварлан гадуурхах, цус урсгах явдал дахин хэзээ ч гарахгүй. Үүний ачаар, «амьд ба үнэн Бурхныг» хайрладаг бүх хүнд Бурхнаа «нэг итгэл», «сүнс ба үнэнээр» шүтэх боломж олдоно. Тэр үед хүмүүс хэчнээн их эв нэгдэлтэй, амар тайван амьдрах бол оо! (1 Тесалоник 1:9; Ефес 4:5; Иохан 4:23, МБОХ, 1996).

ХҮМҮҮС ТӨГС БОЛНО

«Бурхан Өөрөө тэдний дунд байж тэдний Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо» (Илчлэлт 21:3, 4).

Энэ бүхэн Ехова Бурхныг Хүү Есүсийнхээ амийг хүн төрөлхтний төлөө өгсний ачаар биелэх боломжтой болсон (Иохан 3:16). Есүсийг захирахад хүн төрөлхтөн төгс болно. «Бурхан Өөрөө [хүмүүсийн] дунд байж», «тэдний нүднээс нулимс бүрийг нь арчих» учир хүмүүс хэзээ ч дахин зовохгүй. Хүний төгс бус байдал, зовлон зүдүүр ул мөргүй арилна. «Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» (Дуулал 37:29).

МУУ СҮНСНҮҮД УСТГАГДАНА

«Тэрээр [Есүс Христ] диавол ба Сатан болох эртний могой буюу лууг бариад, түүнийг хүлж, мянган жилийн турш ёроолгүй гүнд хаяжээ. ... Үндэстнүүдийг цаашид мэхлүүлэхгүйн тулд түүнийг түгжээд лацдав» (Илчлэлт 20:2, 3).

Сатан болон чөтгөрүүдийг хүлээд «ёроолгүй гүнд» хаях буюу бүрмөсөн идэвхгүй байдалд оруулахад тэд ямар ч нөлөө үзүүлэх аргагүй болж, хорон муу захиргаа нь нуран унана. Сатан болон чөтгөрүүдийн нөлөөнөөс ангид нийгэмд амьдарна гэдэг ямар сайхан бэ!

«ЭЦСИЙН ӨДРҮҮД» ДУУСНА

«Эцсийн өдрүүд» Есүсийн хэлсэн «агуу их гай гамшгаар» дуусна. Есүс: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно» гэсэн (Матай 24:21).

Тэр гай гамшгийг агуу их гэж тодорхойлсон нь урьд өмнө болж байгаагүй ноцтой гамшиг болохыг хэлсэн хэрэг аж. Гамшиг «Төгс хүчит Бурханы агуу өдрийн дайн» буюу олон хүний сайн мэддэгээр «Хармагедоноор» оргилдоо хүрнэ (Илчлэлт 16:14, 16).

Зөвийг эрхэмлэдэг, олон үндэстний хүмүүс өнөөгийн ёс бус тогтолцооны төгсгөлийг тэсэн ядан хүлээдэг. Тийм хүмүүс Бурхны Хаанчлалын удирдлага дор их ивээл хүртэнэ. Энэ талаар товч ярилцъя.

БУРХАН ИЛҮҮ ИХИЙГ ХИЙНЭ!

«Үй олон хүн» эсэн мэнд үлдэж, шинэ ертөнцөд хөл тавина: Тоолж барамгүй «үй олон хүн» «үлэмж их зовлонгоос гарч», шинэ ертөнцөд орохыг Бурхны Үгэнд бичсэн байдаг (Илчлэлт 7:9, 10, 14; 2 Петр 3:13). Тэд ийн аврагдсанаа «ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга» Есүс Христийн ач гэж үзэх юм (Иохан 1:29).

Бурхнаар заалгахын ач тусыг хүртэнэ: Шинэ ертөнцөд, «далай усаар дүүрдэг шиг дэлхий ЭЗЭНий мэдлэгээр бялхана» (Исаиа 11:9). Бурхнаар заалгах хүмүүс бие биетэйгээ эв найртай амьдарч, байгаль орчинтой зүй зохистой харьцаж сурна. Бурхан: «Би бол чиний Бурхан ЭЗЭН мөн. Би чамд тустайг сурган, чамайг явах ёстой замаар чинь удирддаг» гэж батлан хэлсэн (Исаиа 48:17).

Нас барагсад амилна: Есүс дэлхийд байхдаа найз Лазарыгаа амилуулсан юм (Иохан 11:1, 5, 38–44). Ийнхүү Бурхны Хаанчлалын Хаан болоод хүн төрөлхтний төлөө юу хийхээ харуулсан (Иохан 5:28, 29).

Үүрдийн амар тайван тогтож, хүмүүс Бурхны тогтоосон хэм хэмжээг мөнхөд сахина: Христийг захирахад хууль бус явдал гарахаа болино. Ингэж хэлэх ямар үндэс байна вэ? Есүс хүний зүрхийг харах чадвартай бөгөөд үүндээ үндэслэн зөв ба зөв бусын хоорондхыг шүүнэ. Ёс бус явдлаа засахыг хүсдэггүй хүмүүс Бурхны шинэ ертөнцөд амьдрахгүй (Дуулал 37:9, 10; Исаиа 11:3, 4; 65:20; Матай 9:4).

Сайхан ирээдүйн талаарх Библийн олон зөгнөлийн цөөн хэдийг авч үзлээ. Бурхны Хаанчлал дэлхийг захирах цагт «элбэг амар амгалан» үүрд ноёлно (Дуулал 37:11, 29). Хүн төрөлхтөнд учирдаг зовлонгийн уг шалтгааныг Бурхан удахгүй арилгана. Бурхан: «Харагтун, Би бүх юмыг шинэ болгож байна. ... Бичигтүн, эдгээр үг итгэмжит бөгөөд үнэн» гэж хэлсэн билээ (Илчлэлт 21:5).