СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
Улс төрийн үймээн самуун—Библид юу гэж байдаг вэ?
Улс төрийн үймээн самуун газар авч, дэлхий дахинд хүмүүсийн санааг зовоож байна.
2023-2024 оны Мексикийн сонгуулийн улирлаар 39 нэр дэвшигч алуулсан нь урьд хожид байгаагүй явдал байлаа. Мөн ард иргэдийг цочроосон улс төрийн өөр олон үймээн самуун гарчээ.
Сүүлийн үед Европт улс төрийн үймээн самуун их гарч байна. Тухайлбал 2024 оны 5-р сарын 15-нд Словакийн ерөнхий сайдыг алахыг завдсан хэрэг гарчээ.
2024 оны 9-р сарын 15-нд Ерөнхийлөгч асан Доналд Трампын амь насанд халдахыг завдсан хэрэг дахин гарч, АНУ-ыг донсолгов.
Улс төрийн үймээн самуун яагаад ийм их гарч байна вэ? Үймээн самуунгүй цаг ирэх болов уу? Энэ талаар Библид юу гэж байдаг вэ?
Улс төрийн үзэл баримтлалаараа хуваагдах тухай зөгнөсөн нь
«Эцсийн өдрүүдэд» буюу бидний амьдарч байгаа цаг үед олон хүн хүчирхийлэл, санал зөрөлдөөнд хүргэдэг хандлагуудтай болохыг Библид зөгнөсөн байдаг.
«Эцсийн өдрүүдэд илүү хэцүү цаг ирнэ. Хүмүүс ... талархдаггүй, үнэнч бус, ... эвлэршгүй, ... урвагч, бодлогогүй, бардам ихэмсэг [болно]» (2 Тимот 3:1–4).
Мөн бослого хөдөлгөөн, улс төрийн үймээн самуун гэх мэт эмх замбараагүй байдал нь энэ цаг үеийн онцлог шинж байхыг Библид зөгнөжээ (Лук 21:9, зүүлт). Гэлээ ч улс төрийн үймээн самуун, талцан хуваагдах явдал мөнхөд үргэлжлэхгүй.
Улс төрийн үймээн самуун огт байхгүй болно
Библид бичсэнээр Бурхан хүмүүсийн байгуулсан бүх засгийн газрыг халж, тэнгэрт өөрийнхөө байгуулсан засгийн газраар хүн төрөлхтнийг захируулна.
«... Нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан байгуулах бөгөөд ... Тэр нь тэдгээр [бусад] бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» (Даниел 2:44).
Бурхны Хаант төр жинхэнэ утгаар хүмүүсийг нэгтгэж, дэлхий даяар амар тайвныг тогтооно.
Бурхны Хаант төрийн захирагч нь Есүс Христ юм. Есүсийг бас «Энхийн Жонон» гэдэг. Түүний тогтоох «энх амгалан нь ... үүрд мөнхөд байх болно» (Исаиа 9:6, 7).
Одоо ч Бурхны Хаант төрийн иргэд яаж амар тайван амьдрахыг сурч байна. Үүний үр дүнд «Тэд илдээ анжисны хошуу, жадаа хадуур болгон давтана. Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй бөгөөд дахин хэзээ ч тэд дайтахад суралцахгүй» гэж Библид бичсэн байдаг (Исаиа 2:3, 4).
Илүү дэлгэрэнгүйг «Бурхны Хаант төр юу хийх вэ?» гэсэн өгүүлэл болон «Бурхны Хаант төр гэж юу вэ?» гэсэн видеоноос үзээрэй.