Skip to content

Гарчиг руу орох

Шашин улс төрийн үйл хэрэгт оролцох ёстой юу?

Шашин улс төрийн үйл хэрэгт оролцох ёстой юу?

 Есүс Христэд итгэдэг гэж ярьдаг хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг. Тэдний дунд улс төрийн үйл хэрэгт идэвхтэй оролцдог хүн олон байдаг. Зарим нь шашныхаа итгэл үнэмшлээ юм уу ёс суртахууны хэм хэмжээгээ түгээн дэлгэрүүлэхийн тулд аль нэг нэр дэвшигч юм уу улс төрийн намуудыг дэмждэг. Харин улс төрийнхөн ёс суртахуунтай холбоотой юм уу нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөж шашныхнаас дэмжлэг авахыг зорьдог. Шашны удирдагчид засгийн газарт ямар нэг албан тушаал хаших нь цөөнгүй. Зарим улс орон «Христийн» гэж нэрлэгддэг шашныг улсын юм уу үндэсний шашин гэж дээдэлдэг.

 Та юу гэж боддог вэ? Есүс Христийн дагалдагчид улс төрийн үйл хэрэгт оролцох ёстой юу? Есүсийн үлдээсэн жишээнээс хариуг нь авах боломжтой. Есүс: «Миний хийснийг хийгээсэй гэсэндээ би нарт жишээ үзүүлсэн» гэж хэлжээ (Ёохан 13:15). Тэгэхээр Есүс улс төрийн асуудлаар ямар жишээ үлдээсэн бэ?

Есүс улс төрийн үйл хэрэгт оролцож байсан уу?

 Үгүй ээ. Есүс энэ ертөнцийн улс төрийн үйл хэрэгт оролцож байгаагүй.

 Есүс улс төрд нөлөө бүхий хүн болъё гэж бодож байгаагүй. Сатан Диавол түүнд «дэлхийн бүх улс гүрнийг» өгье гэхэд Есүс татгалзсан (Матай 4:8–10) a. Бас Есүсийг сайн удирдагч болох хүн гэж үзсэн хүмүүс улс төрийн үйл хэрэгт хүчээр оролцуулах гэсэн удаатай. «Тэд өөрийг нь хүчээр хаан болгохоор ирэх гэж байгааг мэдээд Есүс дахин уул руу ганцаараа явлаа» гэж Библид байдаг (Ёохан 6:15). Есүс хүмүүсийн нөлөөнд автаагүй. Тэрбээр улс төрийн үйл хэрэгт оролцохоос шууд татгалзсан.

 Есүс улс төрийн асуудлаар аль нэг талыг дэмжиж байгаагүй. Жишээ нь тухайн үеийн иудейчүүд татвар төлөх Ромын засгийн газрын шаардлагыг шударга бус гэж үзээд дургүйцдэг байсан. Тэгээд энэ тухайгаа хэлэхэд Есүс хэний ч талд ороогүй. Тэрбээр: «Цезарийн юмыг Цезарьт, Бурхны юмыг Бурханд өг» гэж хэлсэн (Марк 12:13–17). Өөрөөр хэлбэл улс төрийн асуудлаар төвийг сахих байр суурийг баримталж, Цезарийг төлөөлдөг Ромын засгийн газраас шаарддаг татварыг төлөх ёстойг ойлгуулсан. Үүний зэрэгцээ эрх мэдэлтнүүдэд тодорхой хэмжээгээр л захирагдах ёстой гэдгийг илэрхийлсэн. Бурхны юмыг засаг төрд өгөх ёсгүй. Тухайлбал зөвхөн Бурхныг шүтэж Бурханд үнэнч байх ёстой (Матай 4:10; 22:37, 38).

 Есүс тэнгэрт байдаг засгийн газар буюу Бурхны Хаант төрийг дэмждэг байсан (Лук 4:43). Тэрбээр дэлхийн талаарх Бурхны санаа зорилгыг хүний засгийн газар бус Бурхны Хаант төр л биелүүлнэ гэдгийг мэддэг учраас улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй байв (Матай 6:10). Бас Бурхны Хаант төр хүний засгийн газруудтай хамтарч ажиллахгүйгээр барахгүй тэдгээрийг халж ганцаараа дэлхийг захирна гэдгийг мэддэг байсан (Даниел 2:44).

Христийн I зууны дагалдагчид улс төрийн үйл хэрэгт оролцдог байсан уу?

 Үгүй. Тэд «ертөнцийнхөнтэй адилгүй» байх ёстой гэсэн Есүсийн тушаалыг дагадаг байсан (Ёохан 15:19). Бас түүнийг дуурайж энэ ертөнцийн улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй байв (Ёохан 17:16; 18:36). Харин Есүсийн тушааснаар Хаант төрийн тухай сайн мэдээг дэлгэрүүлж, заадаг байсан (Матай 28:18–20; Үйлс 10:42).

 Христийн I зууны дагалдагчид Бурханд дуулгавартай байхыг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг ч хүний засгийн газрын эрх мэдэлтнийг бас хүндэтгэх ёстойгоо ойлгож байв (Үйлс 5:29; 1 Петр 2:13, 17). Тэд хууль сахиж, татвар төлдөг байсан (Ром 13:1, 7). Мөн улс төрийн хэрэгт оролцдоггүй ч хуулиар хамгаалуулж, засгийн газраас олгодог үйлчилгээнд хамрагдан ач тус хүртдэг байв (Үйлс 25:10, 11; Филиппой 1:7).

Христийн өнөөгийн дагалдагчид төвийг сахидаг

 Есүс ч, эртний дагалдагчид нь ч улс төрийн үйл хэрэгт оролцож байгаагүйг Библид тодорхой бичжээ. Иймээс дэлхий даяарх Еховагийн Гэрчүүд буюу Христийн жинхэнэ дагалдагчид ч төвийг чанд сахидаг. Тэд эртний дагалдагчдын адилаар «Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг» тунхагла гэсэн Есүсийн тушаалыг дагадаг (Матай 24:14).

a Сатан ийм санал тавих эрхтэйг Есүс үгүйсгээгүй. Хожим нь Сатаныг «ертөнцийн захирагч» гэсэн (Ёохан 14:30).